Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 14 дүгээр тогтоолоор “Эрчис Ойл” төрийн өмчийн компаниар дамжуулан шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Мөн оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 114 дүгээр тогтоолын 5 дугаар хэсэгт “Олон улсын зах зээлд түүхий тосны үнэ буурч байгаатай холбогдуулан бүх төрлийн шатахуун, дизелийн түлш жижиглэнгийн үнийн литр тутамд 300-400 төгрөгрөөр бууруулах, цаашид жижиглэнгийн үнийг тогтворжуулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан өмнө нь байгуулсан гэрээ, хэлцлээр тохиролцсон нөхцөлийн хүрээнд тшаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх” шийдвэр гарч дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд улсын хэмжээнд өргөн хэрэглээний Аи-92 төрлийн автобензиний жижиглэн борлуулалтын үнийг тогтворжуулах зорилгоор санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон “Эрчис Ойл” ХХК-ийн хооронд 2020 оны тавдугаар сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл /8 сарын хугацаанд/ хэрэгжүүлэх “АИ-92 төрлийн автобензиний жижиглэнгийн үнийг тогтворжуулах” гэрээг байгуулсан.
Энэхүү ажлын хэрэгжилт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, шатахуун, дизель түлшний өнөөгийн үнэ, төр хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс хамтран авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ашигт малтмал, газрын тосны газар, ШӨХТГ, МХЕГ, Монголын үйлдвэрчний эвлэлийн хороо, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагуудын зүгээс хамтарсан мэдээлэл хийлээ.
2020 оны тавдугаар сарын 26-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны үнэ 35,77 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдаж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 17,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
2020 он гарсаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар унасан нь дэлхий дахинд “COVID-19″-ийн цар тахалтай холбоотой хөл хорио, хилийн хориг зэрэг байдлаас үүдэн газрын тосны эрэлт буурахад нөлөөлсөн байна.
Харин Монгол Улсын хэмжээнд энэ оны 01.01-05.19-ний хугацаанд нийт 355,5 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлогджээ.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай уялдан шатахууны импортын хил үнэ 2020 оны нэгдүгээр сард хамгийн оргил үе буюу 630-646 ам.доллар/тн байсан бол энэ сард шатахууны хил үнэ өмнөх сартай харьцуулахад 98-158 ам.доллараар буурчээ.
ОХУ-ын “Роснефть” компаниас манай улсад нийлүүлж буй хил үнэ буурсанаар шатахууны худалдаа эрхлэгч компаниуд өнгөрөгч гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн
- А-80 автобензин 30 төгрөгөөр,
- Аи-92 автобензин 45-95 төгрөгөөр,
- Дизелийн түлш 0-120 төгрөгөөр,
Дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс
- А-80 автобензин 300 төгрөгөөр,
- Аи-92 автобензин 300 төгрөгөөр,
- Дизелийн түлш 190-310 төгрөгөөр буурсан бол
Энэ сарын 23-ны өдрөөс
- А-80 автобензин 50 төгрөгөөр,
- Аи-92 автобензин 80-100 төгрөгөөр,
- Аи-95 автобензин 200 төгрөгөөр,
- Дизелийн түлш 160 төгрөгөөр,
Нийт дүнгээр
- А-80 автобензин 380 төгрөг,
- Аи-92 автобензин 475 төгрөг,
- Аи-95 автобензин 440 төгрөг,
- Дизелийн түлш 590 төгрөгөөр тус тус буураад байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ:
- А-80 автобензин 1350 төгрөг,
- Аи-92 автобензин 1360 төгрөг,
- Аи-95 автобензин 1800 төгрөг,
- Дизелийн түлш 1990 төгрөг байна.
Шатахууны нөөц болон үлдэгдэл
Монгол улсын Засгийн газрын 2019 оны 409 дүгээр тогтоолын дагуу шатахуун импортлогч 22 аж ахуйн нэгжүүд 133,0 мянган тонны хэмжээний газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөцийг бүрдүүлж байна. 2020 оны тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 61, Аи-92 автобензин 33, дизелийн түлш 40, TC-1 онгоцны түлш 8 хоногийн нөөцтэй байгаа аж.