ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “2020 оны тавдугаар сарын 30-нд ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид 31 шинжилгээ хийгдсэн. Бүх сорьцод коронавирусийн халдвар илрээгүй. Эдгээрийг задалбал, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгээс тандалтын зорилгоор авсан 2 хүний, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 28 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээг хийлээ. Халдвар илрээгүй.
Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол 179 байна. Үүнээс эдгэрч эмнэлгээс гарсан 44, эмчлэгдэж буй 135 хүн байна. Эдгээр хүмүүсийн 116 нь хөнгөн, 19 нь хүндэвтэр байна. Халдвар аваад эмчлэгдэж буй хүмүүс дотор 8-16 насны 5 хүн байна. Эмчилгээнд жирэмсэн эмэгтэй хоёр байсан бол нэг нэмэгдэж, 3 болсон. Мөн элэгний хавдартай нэг, сахарын өвчтэй нэг хүн коронавирусийн халдвартай эмчлэгдэж байна.
ХӨСҮТ-д 169 хүн эмчилгээ, хяналтад байна.
Увс аймгийн иргэн Тува руу гарсан нь өнгөрсөн таван сарын хөдөлмөрийг үгүй хийхэд ч бэлэн үйлдэл хийжээ. Хүн болгон хичээхгүй бол нэг л алдаа гаргахад нөхөж баршгүй зүйл болно. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт руу, ХӨСҮТ, МХЕГ, ОБЕГ, Цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн очиж ажиллах гэж байна. Тэнд хил, гаалийн ажилтнууд болон цагдаагийн хяналт тавьж байгаа ажилтнуудад сургалт, зөвлөгөө өгөх юм.
Тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээг авах ажлыг өнөөдөр хийнэ. Зарим нь гарах дөхөж байна.
Маргааш эх үрсийн баяр болох гэж байгаа тул хөл хориотой байгаа гэдгээ санаж, дэглэмээ сайн баримталж тэмдэглээрэй. Зуны дэлгэр цагт гэдэсний халдварт өвчин маш их гардаг. Мөн баяр ёслолоор торт болон идээ ундаанаас хордлого авах тохиолдол байдгийг анхаарах хэрэгтэй. Амны хаалтаа зүүж, нимгэн бээлий өмсөх, гадуур нэг их явахгүй, гэртээ баяраа тэмдэглэхийг уриалж байна. Анхаарлаа сулруулж болохгүй” гэсэн мэдээллийг өглөө.