Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос орон даяар Баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр, халдварт цар тахлаас сэргийлэх дэглэмийг чанд баримтлан 2020 оны 07 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд нийслэл, аймаг, сум, дүүрэгт зохион байгуулахаар, уул овооны тахилга, ой тэмдэглэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар тус тус шийдвэрлэж бүх шатны засаг дарга нарт үүрэг болгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулсан билээ.
Өнөөдрийн ээлжит хурлаар коронавируст халдварт цар тахлын үед Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах түр журмын төслийг хэлэлцэн батлав. Журмаар Үндэсний баяр наадмыг зохион байгуулах явцад КОВИД 19-ийн халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх бүхий л харилцааг зохицуулна.
Халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийн хүрээнд иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй үүднээс Үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд, хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т, Төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд тус тус зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлыг эхлүүллээ. Бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, асуулга авах бөгөөд биеийн халууныг нь хэмжиж, халдвар хамгааллын дэглэм сахиулж, мэргэжлийн албан хаагчид байнгын хяналт тавьж жижүүртэй ажиллахаар журамлалаа.
Харин Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаал, Дээлтэй Монгол наадам, Баяр наадмын ёслолын буудлага, Өсвөрийн бөхийн барилдаан, Өсвөр үе, балчир насны хүүхдийн сурын болон шагайн харваа, Төрийн дайллага, Уяачдын наадам, Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр, үйлчилгээ үзэсгэлэн худалдааг явуулахгүй байхаар тогтов. Зөвшөөрөгдсөн бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Бэлтгэл ажлыг богино хугацаанд хангаж ажиллахыг Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хороонд үүрэг болгов.