Энэ намрын УИХ-ын төсөвийн хэлэцүүлэгээр “Бонд гаргаж өр тавихгүй бол ирэх онд хөрөнгө оруулалтын ажлууд зогсох нь”хэмээн яригдах боллоо. Тодруулбал, хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийн эх үүсвэр хүндрэлтэй, тэтгэвэр, тэтгэмжийг 10-аас дээш хувиар нэмэх боломжгүй, мөн ирэх жил оюутны 70 мянган төгрөгийн тэтгэлгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай уялдуулан нэмж олгох боломжгүй тул Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулахаар болж төсөл мэдүүлсэн нь УИХ-аар хэлэлцэгдэж эхлээд байна. Тэгхээр оюутны тэтгэлэгийн 70 мянган төгрөг олгох журам нэлээдгүй чангарах бололтой.
Нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс эхэлж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192 мянга 400 төгрөг болж нэмэгдүүлсэн юм. Тиймээс нэг оюутанд олгож байгаа 70 мянган төгрөг 96 мянга 200 төгрөг болж өсөх ёстой. Гэвч төрд дээрх хэмжээгээр тооцож тэтгэлэг олгох боломж хомс тул 70 мянгад бариулахыг чармайж байна.
Ямартай ч, хууль хэрэгжсэн нэг жилийн хугацаанд төр, хувийн хэвшлийн их, дээд сургуульд суралцаж байгаа 165 мянган оюутанд 106 тэрбум төгрөг олгожээ.