ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Тэрбээр “Зургадугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 406 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж танилцуулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 370 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-т сэжигтэй гэж үзэн тусгаарласан хоёр, тандалтын зорилгоор хийсэн долоон шинжилгээ, ачаа тээврийн 19 жолоочид коронавирус илрээгүй.
Өнөөдөр 21 настай нэг оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. ОХУ-аас ирсэн тус оюутан 36 хоног эмчлүүлсэн.
Сайн мэдээ дуулгахад ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрч гарсан жирэмсэн эмэгтэй сувилалд хянагдаж байсан. Тухайн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-д буцаан авчирсан бөгөөд өнөө өглөө төрж, охинтой боллоо”гэсэн мэдээллийг өглөө.