Тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй өнөө өглөө амаржиж хүүтэй болжээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр”Өчигдөр нийт 557 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн хоёр онгоцоор ирсэн 428 хүнд хийсэн эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй.  Мөн 14 хүний давтан шинжилгээ, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй.  ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 11 хүнийн шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй буюу сөрөг гарсан.

Тандалтын зорилгоор УНТЭ, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг болон Баян-Өлгий аймгаас тус бүр нэг буюу нийт гурван сорьц авч шинжлэхэд вирусийн халдвар илрээгүй. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолооч болон  Замын-Үүд боомтоор орж ирсэн иргэд, ачаа тээврийн жолооч нараас коронавирусийн халдвар илрээгүй.

Коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан дөрвөн хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны ажиглалтад шилжлээ.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 220 байгаагаас 183-ыг эмчлэн эдгээгээд байна. Одоогоор 37 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдлын хувьд  31 нь хөнгөн,  хүндэвтэр 6 хүн байгаа юм.

Тусгаарлах байранд ажиглалтад байсан нэг жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-д авчран амаржуулжээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тусгаарлалтад байсан эмэгтэйг ХӨСҮТ-д авчран төрүүллээ. Өнөөдөр өглөө 5 цагт ХӨСҮТ-д хүү төрлөө” гэж  мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …