Бэлгийн амьдрал нь зөвхөн бэлгийн харилцаатай холбоотой асуудал биш бөгөөд хүний амьдралын туршид тохиолдож болох олон асуудлыг өөртөө багтаасан өргөн ойлголт юм. Бэлгийн амьдралын хүрээнд багтдаг асуудлуудтэй холбоотой ам дамжсан цуу яриа их байдаг. Энэ сэдвээр хүүхдүүд үнэн зөв мэдээлэл авах боломж хомс байдаг. Томчууд энэ сэдвээр ярилцахаас ихэнхидээ татгалздаг. Хувь хүний нууцтай холбоотой асуудлууд хөндөгддөг учраас ихэнхи хүн энэ тухайгаа бусдад ярихаас эмзэглэдэг.
Томчууд ёс заншлаас хамаарч хүний нөхөн үржихүйтэй холбоотой үнэн мэдээллийг хүүхдээс нуун дарагдуулдагаас тэд энэ бол илэн далангүй ярих сэдэв биш гэсэн ойлголттой болдог.
Бэлгийн амьдралын тухай асуудлуудаар бодитой зөв мэдээллийг хүүхдэд багаас нь тэдний нас биений онцлогт тохирсон аргаар өгөх нь тохиромжтой.
Өсвөр үеийнхэнд хүний нөхөн үржихүйтэй, бэлгийн амьдралтай холбоотой томчуулаас асууж лавламаар олон тулгамдсан асуудлууд байдаг боловч тэд хэнд хандахаа мэдэхгүйгээс, тухайн сэдвээр ярилцахаас ичдэг зэргээсээ болж бусдад мэдэгдэхгүйгээр өөртөө хэрэгцээтэй мэдээлэл олж авахыг эрмэлзэх, олны ам дамжсан ярианд итгэж өөртөө эрсдэлтэй буруу шийдвэр гаргах тохиолдол их байдаг.
Бэлгийн эрүүл мэндтэй холбоотой сэдвээр ярихдаа ичдэггүй болох
Бэлэг эрхтэнтэй холбоотой нэр томъёонуудыг мэддэг болох
Бэлгийн амьдралын талаар ярихад учирдаг бэрхшээлээс 3-аас доошгүй шалтгааныг нэрлэдэг болох
Бэлгийн амьдралын талаар ярихад яагаад хэцүү вэ?
Бэлгийн амьдралтай холбоотой аливаа сэдэв хүмүүсийн анхаарлыг ямагт татаж байдаг ч энэ тухай тэр бүр илэн далангүй ярьдаггүйгээс бодитой үнэн байхаасаа илүү ташаа мэдээлэл тархах нь элбэг байдаг. Аливаа нууц, хэлэхээс цээрлэхийг хүссэн зүйлээ илэрхийлсэн нэр томъёог хүмүүс олноор нь зохиож гаргадаг бөгөөд энэ нь цаг хугацааны явцад бодит үнэнээсээ хазайсан хэвшмэл ойлголтуудыг бий болгодог байна. Жишээ нь: Томчууд хүүхэдтэй нөхөн үржихүйтэй холбоотой асуудлаар тэр бүр ярилцдаггүй төдийгүй түүнтэй холбоотой мэдээ баримтны зүйлийг ихэд нууцалдаг, Цаг нь болохоор өөрөө мэддэг болно, том хүний ярианд бүү оролц зэргээр хүүхдэдээ ойлгуулдаг.
Хүүхдийнхээ гэнэн цайлганаар сонирхож асуусан асуултанд цочин балмагдах, үнэнийг нуусан буруу мэдээлэл өгөх нь түгээмэл. Жишээ нь: Хүүхэд хаанаас гардаг вэ? Гэсэн асуултанд Тэнгэрээс унасан, хүйснээс гардаг, бурхан бэлэглэсэн гэх мэт, Сарын тэмдгийг эмэгтэй хүний юм, муу цус, бузар юм, бэлэг эрхтнийг нөгөөдөх, доодох, ичимдэг зэргээр тайлбарладаг.
Уламжлалт ёс заншил, мэдээллийн хомс байдал зэрэг олон шалтгаан нь бэлгийн амьдралтай холбоотой аливаа асуудлаар чөлөөтэй ярилцахад саад учруулдаг байна.
Орчин үед дэлхийн олон улс орнууд бэлгийн амьдралын асуудлаар хүүхэдтэй багаас нь тэдний нас биений онцлогт тохирсон аргаар ярилцаж, хүүхдэд үнэн зөв мэдээллийг өгч байх нь тохиромжтой гэдэг ерөнхий чиг хандлагыг баримталж байгаа бөгөөд энэ дагуу манай улсад ч гэсэн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг албан ёсоор оруулдаг болгосон юм.