Үндэсний их баяр цэнгэл наадмын тоглолтыг “Херо энтертаймент”-ын найруулагч Б.Баатар найруулсан. Тэрбээр наадмын нээлтийн тоглолтоор чухам ямар өгүүлэмж, агуулгыг харуулсан талаараа ийнхүү ярилаа.
Найруулагч Б.Баатар:Бид Нагалхаан уулын хормойд төрийн наадмаа хийж байна. Энэ уулын өвөрт Өндөр гэгээн Занабазарын хойд дүр төрсөн түүхтэй. Би наадмын нээлтийн тоглолтоор монголчууд олон мянган жилийн туршид бий болгосон агуу их соёл, түүхийн багахан хэсгийг харуулах гэж хичээлээ.Монголчуудын олон ястны соёл, бүжгийн дээжийг нэг цагийн дотор харуулахыг зорьсон. Наадмын нээлтийн агуулгадаа үндэсний соёлын онцлогийг харуулсан. Тухайлбал, нээлтийн тоглолтоор монголчуудын олон мянганы туршид бий болгосон бүх төрлийн найр, хуримыг харуулсан. Үсний найр, хүүхэд угаах ёслол зэрэг уламжлал соёлыг харуулахын зэрэгцээ нүүдлийн соёл, нүүдэлчдийн соёл уламжлалыг өвлүүлэн үлдээхийг хичээсэн.
Наадмын талбай маань нүүдэлчин ахуйг бүрэн харуулсан байгааг та бүхэн анзаарсан байхаа. Энэхүү нээлтийн тоглолтоор монгол наадам гэж юу болохыг ямар өргөн утга агуулга агуулж байдгийг дэлхий нийтэд сурталчлан харуулахыг зорьсон. Наадамчин олондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.