Ж.Дамдинцэрэнгийн хууль зөрчсөнийг нотлох баримтуудыг дэлгэж байна

Алдарт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэнгийн Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2018-2019 онд ажил, албан тушаалаа урвуулан ашиглаж “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.4, 46.1.6, 50.1.3 дугаар заалтууд болон “Төрийн албаны тухай” хуулийн 7 дугаар заалтын 7.1.7, 37.1.2 дугаар заалтуудыг тус тус зөрчсөнийг нотлох баримтуудыг дэлгэж байна.

Хууль зөрчсөнийг нь дараах баримтуудаар нотлон харуулах Ж.Дамдинцэрэнг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Б/105 тоот захирамжаар хууль тогтоомжоор хүлээсэн албан үүргээ хэрэгжүүлж ажиллагаагүй хэмээн сахилгын шийтгэл ноогдуулан халсан билээ.

Ингээд та бүхэндээ Ж.Дамдинцэрэнгийн 90,158,000 төгрөгийн тендерийг будлиантуулж татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн улс, нийслэлийн төсөвт 11,348,700 төгрөгийн хохирол учруулсан баримт, нотолгоогоо хүргэе.

Баримт 1. Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газрын “Зөвлөмж хүргүүлэх тухай” албан бичиг

Тус бичгэнд Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/427 дугаар захирамж гарсантай холбогдуулан тус ажлыг гүйцэтгэх компаныг сонгон шалгаруулах тендер, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж “Харцагат Уул” ХХК шалгарсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газрыг Захиалагчийг төлөөлж батлагдсан техникийн тодорхойлолтын дагуу гэрээ байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж хуулийн дагуу ажиллах зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Баримт 2. Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” А/43 тоот тушаал

Дээрх ажлын хэсэг нь “Харцагат Уул” ХХК-ийн хариуцсан ажлын гүйцэтгэлд хяналт тавьж хүлээн авахаар байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн нэр бүхий 7 төрийн албан хаагч ажиллахаар болсоныг гэрчилж байна.

Баримт 3. Нийслэлийн Соёл, урлагийн газраас гүйцэтгэгч байгууллага буюу “Харцагат Уул” ХХК-тай байгуулсан гэрээ, гэрээний сунгалт

Гүйцэтгэгч байгууллага буюу “Харцагат Уул” ХХК-тай гурван талт гэрээг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр анх байгуулсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр гүйцэтгэж дуусгахаар байсан. Гэвч гүйцэтгэгч компани гэрээний хугацаанд ажлаа гүйцэтгээгүй тул тодорхойгүй шалтгаанаар 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан нь дээрх баримтаар нотлогдож байна.

Баримт 4. Нийслэлийн Соёл, урлагийн газраас гүйцэтгэгч байгууллага буюу “Харцагат Уул” ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэсэн акт болон протокол

Дээрх гэрээ дүгнэсэн акт болон протоколд гүйцэтгэгч компани буюу “Харцагат Уул” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлж 54 нэр төрлийн 2674 ширхэг 90,158,000 төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлыг хүлээлгэн өгсөн хэмээн үзэж дээр үзүүлсэн А/43 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дарга М.Мөнхсайхан, ажлын хэсгийн нарийн бичиг Ш.Гомбосүрэн, гишүүд болох Б.Эрдэнэчулуун, Д.Баярнэмэх нар болон Ж.Дамдинцэрэн гарын үсгээ зурж баталгаажуулжээ. Харин дээрх ажлын хэсэгт байсан НСУГ-ын нягтлан бодогч Б.Байгалмаа, УБХНТНС-ийн захирал Д.Индра болон тус байгууллагын нягтлан бодогч Ц.Сарантуяа нарыг хасч ХУД-ийн Соёлын ордны захирал О.Анхбаяр, С.Гэрэлтогтох нарыг оруулан ажил хүлээлцэх актад гарын үзэг зурж баталгаажуулсан нь хууль зөрчин хүлээн авсаныг гэрчилж байна. Үүнээс үзэхэд нягтлан бодогч Б.Байгалмаа, Хотын номын сангийн захирал Д.Индра болон тус байгууллагын нягтлан бодогч Ц.Сарантуяа нарыг хассан нь ашиг сонирхолын зөрчилтэй байсныг харуулж байна.

Баримт 5. Нийслэлийн Соёл, урлагийн газрын даргын “Ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан тухай” А/06 тоот тушаал

Ажлын хэсэгт өөрчлөлт оруулж гүйцэтгэл нь дутуу ажлыг хүлээж авсаныг гэрчлэх бас нэг баримт бол Ж.Дамдинцэрэнгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” А/06 тоот тушаал буюу нийслэлийн Соёл урлагийн газрын нягтлан бодогч Б.Байгалмаа гэснийг “Ажлын хэсгийн гишүүн, нийслэлийн Соёл урлагийн газрын нярав С.Гэрэлтогтох” гэж өөрчилсөн тушаал юм. Тодруулж хэлбэл нягтлан бодогч Б.Байгалмааг өөрчилж нярав С.Гэрэлтогтохыг ажлын хэсэгт оруулан байж дээрх ажлыг хүлээж авсан нь ашиг сонирхолын зөрчилтэй байсныг харуулж байна.

Баримт 6. Хан-Уул дүүргийн Соёлын ордноос Нийслэлийн Соёл, урлагийн газарт “Харцагат Уул” ХХК-ны асуудлыг шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн албан бичиг

Тус албан бичигт дурьдсанаар гүйцэтгэгч байгууллага буюу “Харцагат Уул” ХХК-наас өөрийн санхүүжилт дууссан тул үлдэгдэл материалыг нийслэлээс үлдэгдэл санхүүжилтээ авсны дараагаар гүйцээж хүлээлгэж өгхөөр болсон ч хийгдэхгүй хэдэн сар болж байгаа тул шийдвэрлэж өгхийг хүссэн байна.

Баримт 7. Нийслэлийн Соёл, урлагийн газраас нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт хүргүүлсэн албан бичиг

НСУГ-ын шинэ дарга Ч.Бат-эрдэнийн ажлаа хүлээж авсан даруйдаа буюу 2019 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газарт хүргүүлсэн дээрх албан бичгээс үзвэл “Харцагат Уул” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй байхад нь акт үйлдэж гэрээг дүгнэн протоколд гарын үсэг зуруулсан хууль бус үйл ажиллагааг холбогдох хууль журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.

Баримт 8. Нийслэлийн Дотоод Аудитын газраас Хан-Уул дүүргийн Соёлын ордонд хүргүүлсэн зөрчил арилгуулах тухай “Албан шаардлага”

Ж.Дамдинцэрэнг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийг зөрчсөнийг нотлох ээлжит нэгэн баримт бол нийслэлийн Дотоод аудитын газраас Хан-Уул дүүргийн Соёлын ордны 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил буюу “Харцагат Уул” ХХК-ийн гэрээт ажлын 54 нэр төрлийн 2674 ширхэг 90,158,000 төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, тавилга, эд хогшлоос 8 нэр төрлийн 263 ширхэг тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж буюу нийт 11,348,700 төгрөгийн эд хөрөнгө дутсаныг тогтоосон улсын байцаагчын албан шаардлагыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд хүргүүлснээр батлагдаж байна.

Баримт 9. Хан-Уул дүүргийн Соёлын ордноос НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн 23 тоот хүсэлт болон нийслэлийн Соёл, урлагийн газарт “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 25 тоот албан бичиг

Хан-Уул дүүргийн Соёлын ордноос НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст хүргүүлсэн 23 тоот хүсэлт болон НСУГ-т хүргүүлсэн дээрх албан бичгээс үзвэл нийслэлийн Дотоод аудитын газрын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил буюу “Харцагат Уул” ХХК-ийн гэрээт ажлын дутуу нийлүүлсэн 8 нэр төрлийн 263 ширхэг тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж буюу нийт 11,348,700 төгрөгийн эд хөрөнгийг хүлээж аваагүй гэдгийг нотлон харуулж байна.

Баримт 10. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс Нийслэлийн Соёл, урлагийн газарт хүргүүлсэн 06/2345 тоот албан бичиг

НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн Соёл, урлагийн газарт хүргүүлсэн дээрх албан бичгээс үзвэл, Ж.Дамдинцэрэнгийн 2018-2019 онд нийслэлийн Соёл, урлагийн газрыг удирдан ажиллаж байхдаа гаргасан хууль зөрчсөн үйл ажиллагаа буюу Хан-Уул дүүргийн Соёлын ордны бага танхимыг номын уншлагын жишиг танхим болгох ажлын гүйцэтгэгч компанид хяналтаа бүрэн тавьж ажиллаагүй, гэрээнд заасан тавилга, хэрэгсэл, тоног төхөөрөмжийг дутуу байхад нь хүлээлцүүлсэн, нийлүүлэгч компани болох “Харцагат Уул” ХХК-д санхүүжилтыг бүрэн шилжүүлсэн, бүтэн 1 жил 5 сар гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй байгаа номын уншлагын танхимын асуудлаа хариуцан, тодорхой арга хэмжээ авч ажиллахыг мэдэгдсэн байна.

Ийнхүү өөрийгөө шударга, сайн ажиллаж байхад нь үндэслэлгүйгээр халсан хэмээн тухайн үед хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайханыг шүүхэд өгч заргалдаж яваа Ж.Дамдинцэрэнгийн дээрх “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон “Төрийн албаны тухай” хуулийг санаатайгаар зөрчсөн асуудлыг хууль, хяналтын байгууллага нь шалган шийдвэрлэж гэм бурууг нь эцэслэн тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй юм.

Энэ дашрамд дуулгахад бид Ж.Дамдинцэрэнтэй холбогдолтой дээрх хууль зөрчсөн асуудлыг үргэлжлүүлэн сурвалжилж дахин мэдээлэл хүргэх болно.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн …