ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 10-ны өдөр улсын хэмжээнд нийт 504 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.
Үүнд,
-Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ,
-Долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн Оюутолгойн 48 ажилтны шинжилгээ,
-Ажиглах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 32 ажилтны шинжилгээ,
-Эдгэрээд сувилалд тусгаарлагдаж буй 43 хүний давтан шинжилгээ,
-Ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ,
-Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ,
-Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ,
-Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний шинжилгээ,
-Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ багтаж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 293 тохиолдол батлагдсан. Үүнээс нь 263 хүн эдгэрсэн.
ХӨСҮТ-д тусгаарлагдан хэвтэж буй нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна” гэсэн мэдээллийг өглөө.