Намын бүлгүүд төсвөөс 46 объектийг хасах, 360 тэрбумыг танах боломжийг гаргав

Урсгал зардлаас 360 тэрбумыг танах боломжтой гэв
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Өнгөрсөн долоо хоногт төсөв хэлэлцэх байсан ч намын бүлгүүдээс ажлын хэсэг гарч, 2014 оны төсвийн төслийг хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлуулаад байсан билээ. Өнгөрсөн долоо хоногийн турш намын бүлгүүдийн 2014 оны төсвийн төслийг судлах ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж, бүлгийн хуралдаанд танилцуулсан байна.

Эвслийн зүгээс 2014 оны төсвийн төслийг хэлэлцээд, урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлыг танах нь зүйтэй гэсэн байр суурьт нэгдсэн байна. Тодруулбал, эхний ээлжинд 2014 оны урсгал зардлыг хэмнэх ёстой гэж үзжээ. Урсгал зардалд багтах төрийн байгууллагын сандал ширээ солих, гадаад томилолтын зардал, унааны зардал гэх мэт зардлуудыг танах шаардлагатай гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, урсгал зардал 10 хувиас доошгүй байх ёстой гэсэн зарчим баримтлах санал гарагжээ. Урсгал зардлыг танаснаар 160 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоог “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсэг танилцуулсан байна. Тухайлбал, хорих анги шинээр нэмж барихаар 37 тэрбум төгрөг төсөвт суулгасныг хасах, загасны аж ахуйг дэмжих зорилгоор нэг тэрбум төгрөг төсөвлөснийг хасах зэргээр урсгал зардал, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг танаснаар урсгал зардлаас 160 орчим тэрбум, хөрөнгө оруулалтаас 200 орчим, нийт 360 тэрбум төгрөг танах боломжтой гэж эвслийн бүлгийн гишүүд үзжээ.

Мөн хөрөнгө оруулалтын зардлыг танах нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдсэн байна. Тухайлбал, энэ жилийн төсөвт 110 объектын төсөв нэмэгдсэн, он дамжсан, гүйцэтгэгч байхгүй барилгуудыг хагас жилийн хугацаатайгаар царцаах нь зүйтэй гэж үзжээ. Үүнээс газрын маргаантай буюу зөвшөөрөл байхгүй, зураг төсөл байхгүй объектийн хөрөнгө оруулалтыг зогсоох шаардлагатай гэлээ. Мөн 2014 онд цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэх нь зүйтэй бөгөөд үүнийг Засгийн газар олон нийтэд зарлаж нэмэх биш өөрсдөө мэдэж шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна. Ингэхдээ бага тэтгэвэр, цалинтай хүмүүсийн цалинг нэмэгдүүлэх зарчим барьж ажиллах саналыг 2014 оны төсөв хэлэлцэх явцад танилцуулна гэлээ.

46 объектийг төсвөөс хасах ёстой гэв
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, долоо хоногоор хойшлоод байсан 2014 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтийг сонссон байна.

Урьдчилсан байдлаар 2014 оны төсвөөс урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлыг яаж танах, шийдвэрлэх талаар АН-ын бүлэг дүгнэлтээ гаргасан байна. Урсгал зардалтай холбоотойгоор, эд хогшил, сандал ширээ, автомашины зардлыг хасах нь зүйтэй гэсэн байр суурьт нэгдсэн байна. Үүнээс гадна гадаад, дотоодын томилолтын зардал, төвлөрсөн арга хэмжээний зардлуудыг эргэж харж, танах боломжтой гэж үзсэн байна. Мөн АН-ын бүлэг урсгал зардлаа хэмнэж чадсан төсвийн байгууллага хэмнэсэн мөнгөөрөө ажилчдын цалинг нэмэгдүүлдэг зарчим баримтлах нь зүйтэй гэсэн санал гаргажээ. Энэ саналаа УИХ дахь бусад намын бүлэгт танилцуулж, зөвшилцөх нь зүйтэй гэж үзжээ. Мөн цалинг зарлаж нэмэгдүүлэх шаардлагагүй гэх Засгийн газрын байр суурьтай нэгдэж байгааг бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.

Мөн 2014 оны төсөвт 731 объектод хөрөнгө оруулах санал оруулж ирсэн байна. Үүнээс 289 объектод аудитын шалгалт хийсэн байна. Аудитын санал дүгнэлтээр зайлшгүй эргэн харах, хянах шаардлагатай объектууд байгаа, үүнийг хянахад тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй, тиймээс заримыг нь 2014, 2015 онд царцаах нь зүйтэй гэх санал гаргажээ. Үүнээс хугацаа хэтэрсэн, төсөвт өртөг нь нэмэгдсэн, ажил нь хийгдээгүй байгаа, хяналт шалгалт шаардлагатай байгаа 181 объектод 289 тэрбумын хөрөнгө оруулахаар тусгажээ. Тиймээс царцааж буюу түр хугацаагаар хойшуулж  шалгасны дараа хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэх, мөн ажил нь эхлээгүй, төсөлгүй, гүйцэтгэгчгүй, газрын зөвшөөрөлгүй 46  объектыг 2014, 2015 онд төсвөөс нэг мөр хасах санал гаргасан байна.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …