Нийслэлийн ИТХ болон “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ хамтран “Ухаалаг Улаанбаатар” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын тэргүүн, доктор Д.Жаргалсайхан болон залуу судлаачид, мэргэжилтнүүд оролцсон юм.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хот ухаалаг болно гэдэг нийслэлийн нийт иргэдийн хүсэл. Ухаалаг болж, технологийн дэвшлийг амьдралд нэвтрүүлснээр эдийн засгийн үр өгөөж хүртэх, амьдрах орчин сайжирах, цаашлаад дэлхийн жишигт нийцэх боломжтой. Энэ ч үүднээс эрдэмтэн, судлаачидтай хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Улаанбаатар хот “ухаалаг засаглал” талдаа технологийн шийдлүүдийг илүү ашиглах хэрэгтэй. Одоогийн байдлаар өндөр технологийг ашиглах замаар 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Цаашдаа бүтэц, үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг ухаалаг болгох шаардлагатай” гэдгийг энэ үеэр хэлж байлаа.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар “Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагын систем”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичиг хөтлөлтийн систем”, “smartcar.mn” зэрэг ухаалаг төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Ухаалаг хот гэдэг нь техникжиж, технологижсон хот биш бөгөөд асуудлаа тухай бүр шуурхай танин мэдэж, шийдвэрлэх чадвартай байх асуудал юм. Үүний тулд өгөгдлүүдийг бүрэн, тасралтгүй цуглуулан инженерчилсэн сан бүрдүүлж боловсруулдаг, тулгарсан асуудлуудынхаа суурь шалтгаануудыг тухай бүр шуурхай танин мэдэж үр дүнтэй шийдвэрлэдэг байх, хотын оршин суугчид суурь хэрэгцээгээ харилцан тогтвортой хангахад шаардлагатай хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэйг судлаачид хэлж байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ