УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцээрийн талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийв.
Азийн дэд бүтэцийн хөрөнгө оруулалтын банк Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10.0 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөр баталсан бөгөөд 2020 оны 4 дүгээр сараас эхлэн гишүүн орнуудад тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгон хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй коронавирусын халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг дэмжих зорилгоор 100.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулах талаар тус банктай тохиролцоод байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээл нь төсвийн дэмжлэгийн зээл хэлбэрээр олгогдох ба дараах нөхцөлтэй.
Үүнд, зээлийн хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн хүү: 6 сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү /LIBOR/+0.85 хувь.
Санхүүжилт нь Ковид-19-ын тархалтын эрсдэлийг хязгаарлах, бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс урьдчилан сэргийлж бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эдийг засгийг дэмжих чиглэлээр арга хэмжээнд зориулан төсвийн дэмжлэг хэлбэрээр олгогдох юм байна.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй. Хэлэлцээрт гарын үсэг зурахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.