2020-2021 оны шинэ хичээлийн жил өнөөдөр эхэлж байна. Эл өдрийг тохиолдуулан БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн хүүхэд, багачууд, оюутан, эцэг эх, багш, эрдэмтэн мэргэд, боловсролын байгууллагын албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ.
Уг мэндчилгээг бүрэн эхээр нь толилуулж байна.
Эрхэм хүндэт хүүхэд, багачууд, оюутан, эцэг эх, багш, эрдэмтэн мэргэд, боловсролын байгууллагын албан хаагч, иргэд ээ,
Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Эрдэм номын энэхүү баярын өдрийг сэтгэл догдлон хүлээсэн Та бүхэнд Боловсрол, шинжлэх ухааны яамны хамт олны өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол орны өнцөг булан бүрд мөнгөн хонхны дуу цангинасан, хүүхдийн инээд хөөр цалгисан энэ өдөр улсын хэмжээнд 1 сая гаруй хүүхэд, залуус танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээллэж эхэллээ. Улсын хэмжээнд 83.2 мянган хүүхэд анх удаа эрдмийн өргөөний алтан босгыг алхаж, нэгдүгээр ангид элсэн орж байна.
2020-2021 оны хичээлийн жилд суралцагчийн сурах, хөгжих, төлөвших, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлж, багш, ажилтнаа дэмжих, эцэг, эхтэй илүү сайн хамтран ажиллах зорилт дэвшүүлж байна.
Үндэсний боловсролын чанарын тогтолцоог боловсролын бүх түвшинд сайжруулж, олон улсын хөтөлбөрийн сургалтыг үе шаттай өргөжүүлэн хүмүүжил төлөвшилтэй, мэдлэг, ур чадвартай монгол хүнийг бэлтгэх нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн боловсролын салбарын тэргүүлэх зорилт билээ. Засгийн газраас боловсролын салбарт бий болсон ололт, амжилтыг бататган бэхжүүлж, туршлага, сургамждаа тулгуурлан иргэн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэн, бодит үр дүн гарган ажиллана.
Дэлхий даяар мэдээлэл харилцаа, холбооны технологийн хөгжил иргэдийн өдөр тутмын хэрэглээнд хурдацтайгаар нэвтэрч, XXI зууны хүмүүсийн суралцах, ажиллах уламжлалт арга, хэлбэр, тогтсон хэв маягийг хүчтэй өөрчилж, зөвхөн танхимаар боловсрол олж авах хэвшмэл ойлголт, хандлага, арга хэлбэрийг өөрчилж байна. Иймд боловсролын сургалт, судалгаа, үйл ажиллагаанд цахим технологийн нэвтрүүлэлтийг шинэ түвшинд гарган, тасралтгүй хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
Эрхэм хүндэт хүүхэд, багачууд, оюутан, эцэг эх, багш, эрдэмтэн мэргэд, боловсролын байгууллагын албан хаагчид аа
Хүүхэд багачууд, оюутан залуус Та бүхэн “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн ардын уламжлалт сургаалыг байнга санаж, хичээл номдоо шамдан, үндэсний соёл, ёс заншил, эрхэм нандин бүхнийг эзэмшихийн төлөө хичээн суралцаарай.
Багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэн хүүхэд залуусыг боловсрол, мэдлэгээ ур чадвартай, зөв хандлагаар амьдралдаа хэрэглэх чадвар чадамжтай иргэн болгоход сургах үйлээ чиглүүлж, ажлын байрандаа мэргэжлээрээ тасралтгүй хөгжин, үндэсний боловсролын чанарт ахиц гаргахад хамтдаа хичээн зүтгэнэ гэдэгт итгэл төгс байна.
Эцэг, эх Та бүхэн үр хүүхдийнхээ сайн найз, туслагч, зөвлөгч нь байж, хүүхдээ хөгжүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, сурах үйлийг нь дэмжихэд ямагт цаг гарган боловсролын байгууллагатай хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЦЭДЭВСҮРЭН