Жүжигчин А. Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны “Equity” гишүүн боллоо

Их Британийн Засгийн Газрын Чевнингийн тэтгэлгийн эзэн болж тус улсад драмын чиглэлээр нэгт жагсдаг сургуульд магистр хамгаалж буй мисс, жүжигчин А. Баярцэцэг энэ сарын 8-ний өдөр Английн мэргэжлийн жүжигчдийн холбооны “Equity” гишүүн боллоо.

Жүжигчин А.Баярцэцэг Английн мэргэжлийн жүжигчдийн “Equity” холбооны тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Дэлхийд томоохон жүжигчдийн холбоонууд байдаг. Үүний нэг нь Английн мэргэжлийн жүжигчдийн холбоо юм. Үүнийг уран бүтээлчдийн нэгдэл ч гэж нэрлэж болно. Уг холбоонд зөвхөн мэргэжлийн жүжигчдээс гадна найруулагч, продюсерууд багтдаг. Миний хувьд мэргэжлийн жүжигчин гэсэн утгаараа гишүүн болсон. Гаднын том орнуудад харьяалагдах холбооны гишүүн болох нь олон давуу талтай. Мэргэжлээрээ ажиллахад холбооны зүгээс шаардлагатай мэдээллээр хангахаас гадна гишүүддээ тулгарсан асуудлыг нэгдсэн дүрэм журмын дагуу шийдвэрлэж, туслалцаа үзүүлдэг.

Монгол Улсад энэ төрлийн албан ёсны холбоо байхгүй. Харин цаашдаа уран бүтээлчдийнхээ эрхийг хамгаалсан энэ төрлийн холбоо бий болоосой гэж хүсдэг. Энэ холбоонд гишүүнээр элсэхийн тулд тодорхой шалгууруудыг хангах ёстой. Англичууд жүжигчний мэргэжлийг маш нухацтайгаар хүлээж авдаг. Тиймээс яг мэргэжлийн сургуулийг нь төгссөн оюутнуудад л холбооны гишүүн болох урилга олгодог. Олон улсын уран бүтээлчид энэ холбооны гишүүн болохын тулд тодорхой шаардлагуудыг хангах хэрэгтэй. Түүнчлэн тухайн уран бүтээлчийн өмнө нь олон улсын уран бүтээлүүдэд ажиллаж байсан гэх баталгааг шалгаж, гишүүнээр хүлээн зөвшөөрөх эсэхийг шийддэг. Үүнд мэргэжлийн жүжигчин гэдгээ баталсан хүмүүс л элсдэг” хэмээн ярьжээ.

Мисс, жүжигчин А. Баярцэцэг 2014 онд АНУ-ын “Netflix” компанийн бүтээл Марко Поло кинонд тоглосон бол 2018 онд Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд “Kyra” гэх эмэгтэйн дүр, Монголынхоо “Явуулын хүн” киноны гол дүрийн Ариунаа гэх хөдөөний эгэл жирийн бүсгүйн дүр, “Хөх тавилан”кинонд Бадамцэцэг бүсгүйн дүрийг тус тус бүтээсэн билээ.

Ташрамд дурдахад жүжигчин А. Баярцэцэг өнгөрсөн оны аравдугаар сард Италийн Флоренц хотод зохион байгуулагдсан 41 дэх удаагийн Флоренцийн Олон Улсын Эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас “Хөх тавилан” уран сайхны киноны гол дүрээр “Шилдэг жүжигчин” шагналыг хүртсэн юм.

Мисс, жүжигчин А.Баярцэцэг манай Өглөө.мн сайтад өгсөн ярилцлагадаа “Төрийн шагналт, зохиолч Д.Норов гуайн “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн “Хөх тавилан” бүтээлд гол дүрийн бүсгүй болох Бадамцэцэгийн дүр дээр ажиллалаа. Зохиолын хувьд үнэхээр гайхалтай, хүний дотоод сэтгэлийг хөндөхүйц юм билээ. Үүнээс гадна кино зураг авалтыг ээж, аавын минь төрсөн нутаг болох Говь-Алтай аймагт хийсэн. Мөн уран бүтээлчдийн багт гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал гээд Монголын кино урлагийн мундаг ахмад уран бүтээлчдээс гадна УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр зэрэг чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа баяртай байна” хэмээн ярьсан юм.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …