“Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ.
“Анна Каренина” роман бол дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой сонгодог бүтээлд тооцогддог билээ. Эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүл, хосуудын харилцаа, амьдралын тухай өгүүлэх энэхүү гайхамшигтай романыг Монголд анх удаа Улсын драмын эрдмийн театрын хамт олон тайзны бүтээл болгож энэ сарын 3-ны өдөр амжилттай нээлтээ хийлээ.
Тус романыг жүжгийн зохиол болгон Норовын Пүрэвдагва бичсэн бол, Найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллажээ.
Харин жүжгийн гол дүр Анна Каренина-д залуу жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин жүжигчин Н.Сувд, Вронскийн дүрийг залуу жүжигчин Т.Сэргэлэн, Анна-гийн нөхөр Алексей Каренины дүрийг Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан бүтээж байгаа юм.
Тэгвэл өчигдрөөс эхлэн үзэгчид “Анна Каренина” жүжгийн 16 төрлийн бэлэг дурсгалын зүйлийг худалдан авах боломжтой боллоо. Эдгээр бэлэг дурсгалын зүйлийг “ticket.mn” сайтаас захиалах эсвэл кассаас худалдан авах боломжтой аж.
Ташрамд дурдахад “Анна Каренина” жүжгийн дууны үгийг МУСТА Х.Болор-Эрдэнэ бичиж, аяыг МУСТА Ш.Өлзийбаяр зохиож дууг дуучин Б. Маралжингоо “амилуулжээ”.