Өнөө өглөө ажилдаа ирээд сурсан заншлаараа интернэт шүүрдэж суутал “Францын музей Чингис хааны сэдэвтэй үзэсгэлэн гаргахаа хойшлууллаа” гэсэн гарчигтай мэдээ байхаар нь орж сонирхлоо.
Францын Нант хотын музей БНХАУ-тай явуулж ирсэн олон жилийн хамтын ажиллагаагаа цуцалж байгаагаа зарлажээ. Нант хотын музей БНХАУ-ын ӨМӨЗО-ны музейтэй хамтран Чингис хааны тухай үзэсгэлэнг ирэх оны эхний улиралд зохион байгуулахаар тохирсон байсан аж. Уг нь энэ жил байсан ч цар тахлын улмаас хойшилсон төсөл юм. Гэтэл сая БНХАУ-аас үзэсгэлэнгийн контекстийг өөрчлөх санал ирүүлсэн нь хамтын ажиллагаагаа цуцлах үндэслэл болжээ.
Хятадын эрх баригчид үзэсгэлэнгээс “Чингис хаан”, “Эзэнт гүрэн”, “Монгол” зэрэг нэр томъёог хасч, текст, газрын зураг, каталог, харилцаа холбоо зэрэг бүх бүтээлд хяналт тавих хүсэлт гаргасан аж. Музейн удирдлага энэ хүсэлтийг нь “Хятад улс “үндэсний шинэ түүхийн ашиг тусын тулд” Монголын түүхийг арилгах гэсэн оролдлого, хүн төрөлхтний түүхийг үгүйсгэсэн увайгүй үйлдэл” гэж үзсэн учир хэчнээн олон жил хамтарч байсан ч гэрээгээ цуцалсан байна.
энд дарж унш