Нийслэл, аймаг, дүүргийн ИТХ-ын сонгууль орон даяар болж өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН 34, АН 8, ХҮН гурван суудал авлаа. Үндсэндээ МАН ирэх дөрвөн үргэлжлүүлэн нийслэлийг удирдаж, ажиллах нь тодорхой боллоо. Ингээд МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан нийслэл Улаанбаатарт хэрэгжүүлэх 10 ажлыг сануулъя, иргэд эрх баригчдаас амлалтаа биелүүлэхийг шаардаж ажиллацгаая.
1. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувь бууруулна.
2. Нийгмийн даатгал төлдөг бага, дунд орлоготой иргэд анх удаа орон сууц худалдан авахад урьдчилгаа төлбөр авахгүй. Жилийн 4-6 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна
3. Тоосжилтыг 50 хувь бууруулна. Олон улсын стандартад нийцсэн явган хүний зам, унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж барина.
4. Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг 20 жилээр төлөвлөнө.
5. Эко, цахилгаан хөдөлгүүрт дан болон давхар автобус, цахилгаан соронзон болон дүүжин замын тээврийн хэрэгслийг үе шаттай нэвтрүүлнэ.
6. Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Туул, Сэлбэ, Дунд голын урсацын тохируулга хийж, голуудын орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлнэ.
7. Төв цэвэрлэх байгууламжийг барьж дуусгана.
8. Түгжрэлгүй хот болно. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн тээврийн эргэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулна.
9. Улаанбаатар хотын олон нийтийн зам талбайг бүрэн камержуулж нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангана.
10. Богдхан төмөр замын төслийг түшиглэн Хөгжлийн алтан тойрог байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж хэрэгжүүлнэ.
эх сурвалж: http://itoim.mn/