Гэр хорооллын худгийн ус нянгийн бохирдолтой байна

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори гэр хорооллын 40 айлаас усны дээж авч 300 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд химийн шинжилгээний 95%, нян судлалын шинжилгээний 20% нь эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй байна.

Тухайлбал шинжилгээнд хамруулсан худгийн усанд фторын агууламж их, бага, төмөр, хатуулаг кальци, магни, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, нянгийн бохирдолттой гэдэсний савханцар бактериар бохирлогдсон байжээ. Гэр хорооллын худгийн усны гүний түвшин нүхэн жорлонгийн түвшинтэй ойролцоо байдаг бөгөөд ахуйн бохир усыг хөрсөнд шууд асгадгаас шалтгаалан өнгөн хөрс бохирдож хүн амыг өвчлүүлэх шалтгаан болдог. Ус нь нян бактерийг өсгөн үржүүлэх таатай орчин болдог тул усыг удаан хугацаагаар хадгалахгүй байх, ус агуулах савыг угааж ариутгах, усыг тогтмол буцалгаж, шүүж хэрэглэн гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдэд хэрэглэсэн мансууруулах сэтгэцэд нөлөөт эмийн зарцуулалтад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг Сүхбаатар сумын хувийн хэвшлийн хоёр эмнэлэг, нэг эмийн санд хийхэд бүртгэл үнэн зөв бүртгэгдээгүй, эм био бэлдмэл эмнэлгийн хэрэгслийн хадгалалтын горим зөрчсөн нийтлэг зөрчил дутагдал илэрчээ.

Тус аймгийн Баянгол, Мандал, Сайхан, Хүдэр, Ерөө, Түшиг, Цагааннуур сумдад хийгдэж буй гүйцэтгэлийн хяналт шалгалтаар Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын танхимын самбар хагарсан, паарнаас хүүхэд бэртэж гэмтэхээс хамгаалаагүй, гадна орчинд инженерийн шугам сүлжээний нүх таглаагүй зэргээр хүүхэд бэртэж гэмтэх эрсдэлтэй байгаа тул зөрчлийг арилгуулах шаардлага өгч хагарсан самбарыг засах хүртэл биеийн тамирын хичээлийг танхимд оруулахыг хоригложээ.

Дээрх сумдад Байгаль орчны хяналт, Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналт, Боловсролын хяналт, Барилгын техникийн хяналт, Геологи уул уурхайн хяналт, Нийгэм хамгааллын хяналт, Эрчим хүчний хяналт, Хөдөлмөрийн хяналт, Авто тээврийн хяналт, Хэмжил зүйн хяналт, Харилцаа холбооны хяналт чиглэлээр хяналт, шалгалт хийж байгаа бөгөөд холбоотой гомдол, өргөдөл, мэдээллийг Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 7036-3608 утсаар хүлээн авч байгаа аж.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …