Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд туслах “Сүхбаатарын хүүхнүүд” хөдөлгөөнөөс нэрт дуучинд тулгамдаад буй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ 2020 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр “Дуунд залбирсан тавилан” нэртэй тоглолтоо “Ub palace”-ийн концертын их танхимд хийхээр болсон тухайгаа дуулгалаа.
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Сүүлийн найман жил тоглолт хийсэнгүй. 2019 онд төлөвлөснөөрөө 2020 оны арваннэгдүгээр сарын 28-нд “Дуунд залбирсан тавилан” тоглолтоо “Ub palace”-д хийхээр боллоо. Миний тоглолтод шавь нар маань оролцоно. Мөн Монголын Морин хуурын чуулгын уран бүтээлчид, Монголын уртын дууны холбоо, “Увертюра” хамтлаг бас оролцохоор болсон.
“Дуунд залбирсан тавилан” дууны шүлгийг би өөрөө бичсэн. Миний тавилан бол дуунд залбирсан тавилан шүү дээ. Ерөөсөө би дууны төлөө төрсөн. Дууны төлөө амьдарсан хүн. Насаараа ард түмэндээ дуу хоолойгоо өргөж, хайрлагдаж, хүндлэгдэж ирсэн.Нэг хүний хайр дутахад яах вэ, нийт хүний хайранд явахад сайхан. Гурван сая гаруй иргэнийхээ сая гаруй иргэний сайхан хайранд явдаг байх гэж боддог юм.
Өнөөдөр Ш.Чимэдцэеэ гуай мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлч нарын асуултад хариуллаа.
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: Би Д.Түвшинжаргалыг биш хуулийг буруутгаж байна
Зууны мэдээ сонины сэтгүүлч Ч.Үл-Олдох:Д.Түвшинжаргал Ш.Чимэдцэеэ эгчийн одоо амьдарч байгаа энэ байрыг 2002 онд Сүхбаатар аймгийн харьяат иргэн Б.Мөнхцэцэг байраа Ш.Чимэдцэеэ эгчид бэлэглэж байсан. Ш.Чимэдцэеэ эгч тухайн үедээ хүний юмыг үнэгүй авна гэж байхгүй. Хариуд нь өөрийн эзэмшилд байсан газраа өгье хэмээн өөрийн эзэмшлийн байртай болж байсан.
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ:Д.Түвшинжаргал бид хоёрын дундах маргаан анх 2014 онд эхэлсэн. Түүний нэхэмжлээд байгаа байрыг 2002 онд Сүхбаатар аймгийн Б.Мөнхцэцэг гэдэг эмэгтэй 64 саяар худалдаж аваад төлбөрийг нь 100 хувь барагдуулсан.
Ардын жүжигчин цол хүртэхэд надад Б.Мөнхцэцэг байраа бэлэглэж, би хариуд нь газраа бэлэглэсэн. Д.Түвшинжаргал байрны гэрчилгээ гараагүй байхад намайг хүчээр авч явж гэрлэлтээ батлуулж байлаа. Тэгээд тэрийгээ барьж очоод байрыг өөрийнхөө нэр дээр хамт бүртгүүлснийг би хожим олж мэдсэн.
Д.Түвшинжаргалыг явахад нь би машинаа хүртэл өгч явуулж байсан. 64 саяын байр 10 гаруй жилийн дараа 360 орчим сая болсон. Сүүлд нь гэрлэлтийн баталгаагаа салгуулъя гэхэд байрыг чинь авна гээд шүүхэд хандсан. Байр байтугай, угаалгын машин, хивс, тоос сорогч хүртэл авна гэнэ. Одоогийн байдлаар 100 гаруй сая төгрөг Д.Түвшинжаргалд өгсөн. Дахиад 100 гаруй сая төгрөг өгөхгүй бол байраа суллаж өгөх хэмжээнд хүрээд байгаа. Үнэн нь л энэ.
Би Д.Түвшинжаргалыг биш хуулийг буруутгаж байна. Хөрөнгө хэнийх байхаас үл хамаараад таваас дээш жил амьдарсан бол хөрөнгийг нь дундуур нь хуваана гэсэн заалттай. Их хуралд хууль өөрчилдөг гэсэн олон хүн суудаг. Ард түмнийхээ амьдралд хэрэгтэй хуулийг өөрчилж өгөөч гэж хүсмээр байна. Би яах вэ. Өөр олон хүмүүс хохирох вий. Би авьяас чадвар, алдар нэрээ хураалгаагүй, хэвээрээ байгаа.