Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын асуудлаар яг одоо Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЦЕГ-ын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нар холбогдох албаныхантай хуралдаж байна. Өргөтгөсөн хуралдаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах, ЭМЯ-ны газрын дарга Д.Нарантуяа, газрын дарга Н.Гэрэлт-Од, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн онцгой комиссын гишүүд болон бусад албаныхан оролцож байна.
Хуралдаанаар эхэнд Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Юуны өмнө шийдвэр гаргахаасаа өмнө цар тахлын үед Алтанбулаг боомтын нөхцөл байдлын талаар аймгийн онцгой комиссын гишүүдийн танилцуулгыг сонсоод дүгнэлтээ гаргая” гэлээ.
Сэлэнгэ аймгийн онцгой комиссын гишүүд нөхцөл байдлыг танилцуулж, саналаа УОК-д хүргүүллээ. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од хэлэхдээ “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 155 тохиолдол илэрсэн бөгөөд үүний 118 тохиолдол нь эх орондоо ирж байгаа иргэд, 37 тохиолдол нь ачаа тээврийн жолооч байна. Өнөөдрийн байдлаар 306 иргэнийг ажиглалтын 16 байранд, 143 иргэнийг тусгаарлах 5 байранд тусгаарлаж байна. Нийт иргэдийн 186 нь эмэгтэй, 323 нь эрэгтэй. Алтанбулаг хилийн боомтоор Монгол улсаас гадна 15 орны жолооч ачаа тээвэр хийж байна.
Жолооч нар 8 цагаас оройн 20 цагт Монгол улсын хилээр орж, Алтанбулаг боомтын хилийн улаан бүсэд машин дотроо байрладаг ба орой бүр аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборант 18.00 цагаас 22.00 цагийн хооронд очиж шинжилгээг авдаг. Хилээр орж ирсэн иргэд, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, талбайд халдваргүйтгэл хийж буй Мал эмнэлэг, Зоонозын өвчин судлалын 2 багийн 7 мэргэжилтэн нь нийт 869 удаагийн дуудлагад үйлчилсэн ба 55 галт тэрэг, 2462 ачаа тээврийн автомашин түүнчлэн 101 аж ахуй нэгж, албан байгууллага, нийтийн эзэмшлийн 365.811 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийж ажилласан. Алтанбулаг хилийн боомтоор хүний бөөгнөрлийг үүсгэснээр халдвар тараах нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлтэй нөхцөл байдалтай байна” хэмээн танилцууллаа.
Ажлын хэсгийн танилцуулгын дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймгийн онцгой комиссоос цар тахлын үед шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Цаг тухай бүрт нь УОК-д хариу арга хэмжээ авах саналаа хүргүүлж ажиллаж байна. Алтанбулагийн боомтын шалган нэвтрүүлэх хэсэгт өдөрт 30 авто машин нэвтэрдэг. Үүнд ачигч хийж буй 150-аад хүний халдвар хамгаалал, хувцас хэрэглэлээ солих, өмсөх асуудал их хөндөгдөж байна. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийдвэрлэх. Үүнээс гадна ачаа тээвэрлэлт дээр ажиллах хүний нөөцөө анхаармаар байна. Мөн өргөн хэрэглээний биш бараа бүтээгдэхүүнийг заавал хилээр нэвтрүүлэх шаардлага байна уу энэ эрсдэлтэй цаг үед. Өнөөдөр хилээр чипс, бохь, зайрмаг, тахианы мах, гахайн мах, хатаасан жимс зэрэг бүтээгдэхүүн ихэвчлэн орж ирж байна. Эдгээр бүтээгдэхүүний төлөө бид ийм их эрсдэл үүрэх хэрэг байна уу. Бид бараатай биш, халдвар хамгааллаа л нэн түрүүнд тавих нь чухал. Зөвхөн барааны шалган нэвтрүүлэхэд ажиллаж буй хүмүүсийн халдвар хамгааллын хэрэгсэлд өдөрт 10 орчим сая төгрөгийг зарцуулж байна. Сард 300-аад сая төгрөгийг онцгой комиссоос гаргаж байна. Тиймээс аймгийн онцгой комиссоос Алтанбулагийн боомтыг түр хаах саналыг УОК-д хүргүүлж байна” гэлээ.
Алтанбулаг боомтод хийсэн халдвар, хамгааллын дэглэмийн талаар ЗӨСҮТ-ийн дарга Н.Цогбадрах өнөөгийн нөхцөл байдалд хийсэн үнэлгээ, тулгамдаж буй асуудлыг өргөтгөсөн комиссын хуралдаанаар танилцууллаа. Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү Алтанбулаг боомтод эрсдэлтэй нөхцөл байдлыг харгалзан боомтыг хаах саналыг дэмжиж, төмөр замаар ачаа тээврээ авах нь зүйтэй хэмээн саналаа хуралдаанаар танилцууллаа.
Хуралдаанаар ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Биднийг энэ удаагийн шуурхай өргөтгөсөн хуралдаанд урьж оролцуулсан Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд талархсанаа илэрхийлье.
Сэлэнгэ аймгийн Засаг даргын баг тохиолдол удирдлагын тогтолцоог маш сайн бүрдүүлж, нөхцөл байдлыг сайн үнэлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө ДЭМБ-ээс Монгол Улсыг цар тахалтай маш сайн тэмцэж байгааг онцолсон. Энэ цаг үед бид илүү анхаарах цаг ирж байна. Дэлхий нийтээр хоёр дахь давалгаа эрчимтэй явагдаж байна. Ялангуяа ОХУ-ны нөхцөл байдал ихээхэн эрсдэлийг үүсгэж байна. Өмнөх саруудад бидний авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болж байсан. Харин одоо бид аргаа шинэчилж, дэмжлэг туслалцаагаа нэмэгдүүлэх, тактикаа өөрчлөх шаардлага үүсч байна. Нөхцөл байдлын талаар Шадар сайд, Эрүүл мэндийн сайдтай ярилцаж байсан. Та бүхэнд ажлын амжилт хүсье” гэлээ.
Улсын Онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Ковид-19 халдварт цар тахлын эсрэг бид бүтэн жил шахам хугацаанд тэмцэж байна. Төр, засгаас цаг үеэ олсон зөв шийдвэр гаргаж байсан учраас өнөөдрийг хүртэл бид дотооддоо алдаагүй ирсэн. Тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Бид яалт ч үгүй хилийн боомтууддаа анхаарал хандуулах ёстой. Тиймээс өнгөрсөн аравдугаар сараас эхлэн УОК болон ЭМЯ-аас Сэлэнгэ аймагт Молекул биологийн лабораторийг байгуулан PCR болон Gene expert суурилуулан Цагааннуур, Боршоо боомтуудад давхар шинжилгээ хийж эхэлсэн. Үүний үр дүнд гурван хоногийн хугацаанд 64 хүнд шинжилгээ хийхэд хоёр тохиолдол илэрсэн. Зөвхөн эхний шинжилгээгээр. Хоёр дахь шинжилгээгээр 20 хувь нь илэрч байгаа үзүүлэлт гарсан. Тиймээс ЭМЯ-аас дээрх боомтуудыг түр хугацаагаар яаралтай хаах саналаа УОК-д хүргүүлсэн. Одоо дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давлагаа эрчимтэй тархаж, улмаар манай хөрш ОХУ тэр дундаа хил залгаа Хиагт, Наушки зэрэг суурингуудад батлагдсан тохиолдлууд өдөр бүр нэмэгдэж байгаа нь ийнхүү нөхцөл байдлыг өөрчлөхөд хүргээд байна. Энэ хүрээнд холбогдох албаныхан Алтанбулагийн боомтод ажилласан. Эрсдэлийн, халдвар хамгааллын бүх талын тооцооллыг хийсэн. Судалгаагаар Алтанбулагийн боомтоор олон нийтийн хүнс, ахуйн хэрэглээнд асуудал үүсгэхээргүй бараа, бүтээгдэхүүнүүд орж ирж байна хэмээн үзэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус боомтыг түр хугацаанд хаах саналыг дэмжиж байна.
Цаг үеэ олсон, олон талын нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах ёстой. Нөхцөл байдал улам хүндэрч байна. Одоо бид цаг алдахгүй байх нь чухал. Одоо бид тандалт хийж, бүх талын урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч байна. Энэ их өндөр эрсдэлийг бид тооцоолж ажиллах нь чухал. Одоо хамгаалалт, тусгаарлалтад ажиллаж буй бүх алба хаагчдаа хамгаалах, урьдчилан сэргийлэхэд байгаа бүх боломжоо дайчилна” гэлээ.
Хуралдааны төгсгөлд Улсын Онцгой комиссын гишүүн, Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Энд ирж ажиллаж байгаа ажлын хэсэг хилийг хаана, хаахгүй гэдгийг шийдэхээс илүү ачаа тээврээр дамжуулан халдвар орж ирэх эрсдэлийг тооцох, тээвэрлэлтийг зохион байгуулахтай холбогдуулан ямар зохион байгуулалт, хэр хэмжээний төсөв мөнгө шаардлагатайг хэлэлцэх ёстой юм. Аймгийн онцгой комиссын гишүүд шадар сайдад хүргүүлэх саналаа нэгтгэнэ. Бид одоо Алтанбулагийн боомтод ажиллаж, нөхцөл байдлыг эцэслэхээ шийднэ. Бид та бүхний асуудлыг УОК-д тавьж, хэлэлцэн, шийдвэрлэнэ” гэлээ.
Албаныхан хуралдааны дараа Алтанбулагийн боомтод ажиллах юм байна.