Монголын төр 4 жил тутамд нэг удаа, заримдаа түүнээс олон удаа яам газрын дарга нараа солих. Энэ нь цаагуураа иргэд та бидний сонголттой холбоотой байж таараад байгаа юм. Аз байвал яамдыг гайгүй хүмүүс удирдаж, тухан салбарыг хөгжил рүү нь аажмаар хөтлөнө. Тэгж байтал дахиад өнөө гайхал сонгууль болж байдлыг орвонгоор нь эргүүлнэ.
2012 оны сонгуулийн үр дүнд шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан. Уг нь АН 39 дээш суудал авчихсан бол дангаараа засгаа байгуулах эрхтэй болох байсан ч ийм хэмжээнийй суудал УИХ-д авч чадаагүйн улмаас “МАХН+МУНН” эвсэлтэй хамтарч засаг байгуулсан. За ингээд эрх баригчид, төрийн яамдаа бялуу хуваах адил хуваах явцад Н.Энхбаярыг цогтой хамгаалагч, түүний өмнөөс удаж төдөлгүй гал руу ч гараа хийж мэдэх нэгэн эмэгтэйг Засгийн газраас Монгол улсын Эрүүл мэндийн салбарыг толгойлуулахаар санал оруулсныг нэгэнт тохиролцсон тул УИХ-аас дуу нэгтэйгээр батлаатхав. Ингээд элэг нэгт Н.Энхбаяр ахын сүр, энхрий хайрт хувьсгалт намынхаа нэрээр гудманд шахуу явсан эмэгтэй гэнэтхэн тэнгэрийн умдагаас бат сайн базаж аваад, тавилгүй гүрийсээр Монгол төрийн эрүүл мэндийн салбарын түлхүүрийг бат нэгч нь атгаад авав.
Н.Удвал сайд ажлаа хүлээж аваад удалгүй намын даргаа суллуулах ажилд “ханцуй шамлан орж” хагас жил гаруй “тэмцэж” байж санасандаа хүрчээ. Үүний дараа гэнэт эргээд хартал эрүүл мэндийн салбарын удирдлагуудад өөрийн хүмүүсийг оруулах боломж байгааг олж хараад баахан улс төрийн томилгоо хийсэн нь балагаа тарьж, эрдэнэт хүний аминд хүрснээр эрхэм сайд шийдвэрээ сая цуцлаваа. Тэр бүү хэл нэгэн эмнэлгийн эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудыг бүгдийг нь сэтгэцийн эмгэгтэй байж магадгүй хэмээн шалгалт оруулах шийдвэрийг Удвалаас өөр ямарч “эр зоригтон” гаргаж зүрхлэхгүй биз.
Энэ бүхний эцэст эрүүл мэндийн салбарыг энэ хүн удирдаж чадахгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болов. Аргаа барсан Засгийн тэргүүн түүнээс удаа дараа хариуцлага алдсан тул ажлаа хүлээлгэн өгөх шаардлага тавихад өөдөөс нь зөрүүдлэн өөрийгөө Англи юм уу Америкийн Элчин сайдаар томилвол ажлаа өгч болох тухай ярьжээ. Аливаа ажилд тохирох эс тохирох хүмүүс гэж байх.
Н.Удвал сайд эрүүл мэндийн салбарт удалгүй ажиллахдаа салбараа унагасан юм чинь удвал бүр аюултай гэж учир мэдэх хүмүүс шивнэлдэж байна.
Түүгээрч зогсохгүй энэ хүн аливаа салбарт удвал аюултай гэдгийг төр засгийн эрхэмүүд эрх биш нэг анзаарсан байлгүй дээ гэж найднам.
А.Тамир