ӨМӨЗО-ны иргэн Цэнгэл гэх залуу монголын ард иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор “Сэтгэлийн дэм” аяныг БНХАУ-ын Эрээн хотод арваннэгдүгээр сарын 20-23-ны хооронд зохион байгуулжээ. Гурав хоногийн хугацаанд зохион байгуулсан тус аянд 206 хүн нэгдэж, 410,000 юань буюу 178 сая төгрөгтэй дүйцэхүйц бараа бүтээгдэхүүн цугларчээ.
Үүнд, бэлнээр 6766.5 юань, 1218 ширхэг гутал, 2232 ширхэг өвлийн хувцас, 104900 ширхэг амны хаалт, 189 хайрцаг бэлэн гоймон, 518 уут гурил будаа, 470 хос бээлий оймс, нэг хайрцаг гар ариутгагч, 10 ширхэг гар утсыг ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн хот, Авга хошуу, Эрээн хотын иргэд монголын ард иргэдэд тусламж болгон иргэд хандивласан байна. Тус хандивын аяныг тав хоногийн хугацаанд зарласан боловч Эрээний хилийг 23-ны өдрөөр тасалбар хааж буйтай холбоотойгоор 23-ны өдрийн 16:00 цаг хүртэл л үргэлжлүүлжээ.
“Сэтгэлийн дэм” хандивын аяныг санаачлан хэрэгжүүлсэн Цэнгэл гэх залуугийн хувьд ӨМӨЗО-ны Хянгана аймгийн Жалайд хошуунаас хүн бөгөөд Эрээн хотын Шинэ зээлд 20 гаруй жил гутал зарж байгаа аж. Цэнгэлийн хувьд Монголчуудад туслах “Сэтгэлийн дэм” аяны талаарх мэдээллээ вичатаар олон нийтэд хүргэсэн бөгөөд энэхүү сайн үйлсийн аянд ӨМӨЗО-ны Хөх хот, Шилийн хот, Авга хошуу, Эрээн хотын иргэд болон гадаадад амьдардаг Өвөрмонголчууд хүртэл нэгджээ. Хандиваар цугласан бараа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангасан цоо шинэ бараа бүтээгдэхүүн бөгөөд уг ажлыг Нийслэлийн онцгой комисст шуурхай хүлээлгэн өгөх ажилд Эрээн хотын Консулын газар дэмжлэг үзүүлж байгаа юм.
ӨМӨЗО-ны иргэдийн өрнүүлж буй сайн үйлсийн аяныг Өглөө.мн сайт тухай бүрд сурвалжилж, шуурхай хүргэх болно.