Дорнод аймгийн Тамсагийн сав газраас нефть олборлож буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петро Чайна дачин Тамсаг” компанийн олборлолтын талбайн хөрснөөс химийн хорт бодис болох “хаан хор” буюу хүнцэл илэрчээ. 2010 онд тус компанийн ашиглалтын талбайн хөрсөнд хийсэн шинжилгээгээр 18 ppm хүнцэл байгаа нь тогтоогдсон гэнэ.
Энэ нь хүлцэх хэмжээнээс даруй гурав дахин өндөр үзүүлэлт аж. Энэ хэмжээ 30 ppm-д хүрвэл аюултай гэж үздэг. Хачирхалтай нь хэвийн хэмжээнээс гурав дахин өндөр тунгаар илрээд байхад холбогдох байгууллагуудаас ямар нэг арга хэмжээ аваагүй, хүн, амьтанд онц аюултай химийн энэ бодисын уг сурвалжийг олж тогтоолгүй өдий хүрсэн гэх мэдээлэл байна.
Дорнод аймаг дахь Мэргэжлийн хяналтын газраас тус компанийн олборлолтын талбайд дахин шинжилгээ хийж, дээрх асуудлыг эцэслэн шалгахаар болжээ. Одоогоор Газрын хүрээлэн, мэргэжлийн хяналтын газраас хамтран ажлын хэсэг гарч шиинжилгээ авч байгаа талаар саяхан болсон газрын тосны хэлэлцүүлгийн үеэр ГТГ-ын дарга н.Өлзийбүрэн хэлж байсан. “Хаан хор” нь хүн, амьтны арьс, салстыг гэмтээдэг бөгөөд хүний долоо хоногт авах хэмжээ нь 15 ppm-ээс дээш бол хорт хавдраар өвчлөх магадлал ихээхэн нэмэгддэг юм байна. Түүнээс өндөр бол амь насанд аюултай аж. Энэ нь үнэн бололтой. Учир 19-р талбай дээр байгаа кемпийн Монгол ажилчдын ихэнхэд нь загатнах, тууралт өгөх шинж тэмдэг илрээд байгаа талаар бидэнд ярь байсан. Тэнд ажиллагсад бараг л бүгд ходоодны шархлаатай болсон гэнэ. Жил бүрийн Улаабаатар хотноо “Сонгодо” эмнэлэгт шинжилгээ хийлгэдэг учраас энэ мэдээлэл баттай гэдгийг ч тус компанийн ажилчид ярьсан билээ.
Н.Мөнхсайхан