Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор 40 гаруй хуулийг өөрчлөх шаардлагатай болсон. Энэ хүрээнд Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж буй юм. УИХ-ын чуулганаар тус хуулийн төслийг хэлэлцэх үед С.Амарсайхан гишүүн Иргэдийн хурлын төлөөлөгч нарын давхар дээлийн асуудлыг хөндлөө.
Тэрээр, “Аймаг, нийслэл, сум, дүүрэг хөгждөггүй, боловсон хүчин нь чадавхаждаггүй, улстөрждөг, талцдаг, туйлширдаг гол шалтгаан бол төлөөлөгч нар ажил эрхэлдэг байдал. Төрийн захиргаа ч бай, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад ч бай улс төрийн албан тушаалтан-төлөөлөгч нар албан тушаал хашдаг болсноос хойш орон нутаг хөгжих асуудал хойшоо татагдаж байгаа.Ажлын хэсэг дээр би бол байр сууриа хатуу илэрхийлсэн. Санал зөрөлдөөн өчнөөн гарсан. Би төлөөлөгч нарыг давхар ажил хийхийг болиулъя гэсэн. Зөвхөн Засаг дарга, орлогч нь төлөөлөгч байж болно. Бусад төлөөлөгч нар төлөөлөгчийнхөө үндсэн чиг үүрэг буюу орон нутгийн хөгжлийн бодлогыг тодорхойлдог, хяналтаа тавьдаг, төсвөө баталдаг ажлаа хийдэг байя гэсэн юм.Төсвөө баталж, бодлогоо тодорхойлох мөртлөө төсвөө захиран зарцуулах сонирхлын зөрчилтэй, Авлигын эсрэг хуулийг зөрчдөг, ажлаа явуулдаггүй. Дөрвөн жил төлөөлөгч хийхдээ хажуугаар нь нэг байгууллагын дарга болдог, тэгээд сонгуулиар солигддог, дагаад нөгөө салбар нь унадаг, төрийн ажил алдагддаг зүй бус зүйл яваад байна.Тийм учраас аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгч нар төрийн захиргаа, нийтийн үйлчилгээ, бусад хэлбэрийн ажил давхар эрхэлдэг байдлыг таслан зогсооё гэсэн юм. Энэ дээр нэлээд нухацтай үзэхгүй бол бүх шатандаа учир нь олдохгүй зүйл болсоор байгаад эцэст нь хариуцлага ярих хүнгүй, улсаараа боловсон хүчний чадавхгүй болоод байна” гэсэн юм.