Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эрдэм Судлалын Хүрээлэн ТББ болон Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ нь БНСУ-ын Дэгү Хаани Их Сургуультай хамтран “Эмийн ургамал тариалах боломжийн тандалт болон үйлдвэрийн материал боловсруулалтын судалгаа” төслийг энэ оны зургаадугаар сараас эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Төслийн үр ашгийн талаар төсөлд хяналт тавин ажиллаж буй Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ-ын тэргүүн Б.Намуун, төслийн удирдагч, академич Ш.Болд нараас ярилцлага авснаа толилуулж байна.
Уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлийг олон улсын стандартад хүргэж, дотооддоо үйлдвэрлэн экспортлох боломжтой
-“Эмийн ургамал тариалах боломжийн тандалт болон үйлдвэрийн материал боловсруулалтын судалгаа” төсөл нь энэ чиглэлээр Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж байгаа төсөл гэж ойлгож байна. Төслийн талаар уншигчдад товч мэдээлэл өгөхгүй юу?
Ш.Болд: -Монгол Улсад анх удаагаа хэрэгжиж байгаа төсөл. Бид өмнө нь байгальд ургаж байгаа эмийн ургамлаа шууд түүж аваад эмийн үйлдвэрт эсвэл хэрэгцээндээ ашигладаг байсан. Энэ төсөл хэрэгжсэнээр хүн амын эрүүл мэндэд хохирол учруулдаг зарим архаг өвчнийг эмчлэх боломжтой, зөвхөн Монголд ургадаг эндемик 40 эмийн ургамлын химийн найрлагыг тогтоож, цаашид тарималжуулан улмаар шинэчилсэн технологоор эм үйлдвэрлэж практикт хэрэглэнэ. Ойлгомжтой байдлаар хэлбэл уламжлалт мэдлэгээс шинэ бүтээмж, шинэлэг санааг олж, түүнийгээ орчин цагийн шинжлэх ухааны аргаар судлан бүтээгдэхүүн болгож эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн үг юм.
-Тус төслийг эхлүүлэх санаачилга хэрхэн гарч, хөрөнгө оруулалтыг хаанаас шийдэж байна вэ?
Б.Намуун: -Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ нь дотоодын гарааны бизнес эрхлэгчдийн ажиллах ээлтэй орчныг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор аялал жуулчлал, соёл, боловсрол, мэдээлэл технологи, ложистик, хөдөө аж ахуй гэсэн үндсэн таван салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Бид 2019 онд дээрх чиглэлээр “Хөдөө аж ахуйн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх” сэдэвт уулзалтыг Монголын Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөл ТББ, ХААИС болон Өмнөд Солонгосын Орон нутгийн хѳгжлийн газартай хамтран зохион байгуулсан. Тус үйл ажиллагааны хэрэгжилт болгон энэхүү эмийн ургамлын судалгааны тандалт, судалгааны ажлыг эхлүүлж, БНСУ-аас хөрөнгө оруулалтаа босгон ажиллаж байгаа.
-Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл нь тус төслийг хэрэгжүүлэхэд одоогоор ямар оролцоотой ажиллаж байгаа вэ?
Б.Намуун: -Бид үйл ажиллагааныхаа хүрээнд төслийн баримт бичиг боловсруулах, харилцаа холбоо тогтоох болон төслийн гүйцэтгэлд хяналт тавих, зохицуулалт хийх зэрэг үүрэг гүйцэтгэж байна. Харин академич Ш.Болд эмчээр удирдуулсан Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эрдэм Судлалын Хүрээлэнгийн баг төслийн нарийн судалгаа шинжилгээ, үр дүнгийн тайлан зэрэг мэргэжлийн талыг хариуцан ажиллаж байгаа.
-Тус төслөөс хүлээгдэж буй үр дүн, алсын хараа юу бол?
Б.Намуун: -“Эмийн ургамал тариалах боломжийн тандалт болон үйлдвэрийн материал боловсруулалтын судалгаа” төсөл нь Залуу Бизнес Эрхлэгчдийн Зөвлөлөөс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй анхны төсөл юм. Манай улсад уламжлалт анагаах ухааны салбарыг өндөр түвшинд хөгжүүлэх нөөц боломжтой. Учир нь хүний нөөц болон ургамал, түүхий эдийн нөөц манай улсад хангалттай байдаг. Ийм ч учраас бид үйл ажиллагааныхаа хүрээнд тус төслийг дэмжин хамтарч ажиллахаар шийдсэн. Төслийн хүрээнд, уламжлалт анагаах ухааны ном зүйн судалгааг баяжуулан, тус салбарын гадаад харилцааг сайжруулж, цаашлаад уламжлалт анагаах ухааны эм бэлдмэлийг олон улсын стандартад хүргэж, дотооддоо үйлдвэрлэн экспортлох зорилготой ажиллаж байна.
Энэ төсөл Монгол Улсын уламжлалт анагаах ухааны салбарын хөгжилд шинэ өнгө төрх, гарц, шийдэл авчирна
-Монгол нутагт хэдэн төрлийн эмийн ургамал ургадаг вэ? Мөн бусад оронд ургадаггүй, эмчилгээнд хэрэглэж болох ямар төрлийн ургамлууд манай оронд ургадаг талаар мэдээлэл өгөхгүй юу?
Ш.Болд: -1990 оноос өмнө Монголд 600 гаруй зүйлийн эмийн ургамал ургадаг гэж үзэж байсан. Сүүлийн 30 жилд ховордсон, улаан номонд орсон эмийн ургамал байхаас гадна ургамлын төрөл, зүйл шинээр бүртгэгдэн тоо нь нэмэгдэж одоогоор 900 орчим зүйлийн эмийн ургамал ургаж байна. Яг тухайн бүс нутагтаа тэмдэглэгдсэн унаган ургамлыг эндемик гэж нэрлэдэг. Ийм эмийн ургамлууд манай оронд байна. Зарим нь төдийлөн судлагдаагүй. Жишээ нь: Бүтэн навчит хонлин байна. Энэ ургамлын химийн найрлага сайн судлагдаагүй боловч уламжлалт анагаах ухааны эмийн сударт хямарсан халуун, цулын халууныг арилгах, суулгалтыг зогсоох, охор хатгалгыг дарах, халуун бүхнийг арилгадаг гэж тэмдэглэсэн бөгөөд олон жоронд хөл эм болж ордог. Энэ төслийн хүрээнд бага судлагдсан хэд хэдэн ургамлын судалгааг хийнэ.
-Манай оронд ургадаг эмийн ургамлын талаарх өмнөх судалгаа, мэдээллийн сан хангалттай түвшинд байдаг уу?
Ш.Болд: -Уламжлалт анагаах ухааны эм судлалын талаарх өмнөх үеийн судлаач, судалгааг дурдахдаа Сүмбэ хамба Ишбалжирын ”Эмийн нэрс ба эмт бодисыг таних болор толь”, Цахар гэвш Лувсанчүлтэмийн ”Эмийн аймгийн номлол хийгээд хөтөлбөр”, Үзэмчин гүн Гомбожавын ”Элдэв чухал хэрэгт эмийн найрлага”, Тойн Жамбалдоржийн “Үзэсгэлэнт нүдэн чимэг” зэрэг эмийн судрыг заавал оруулах ёстой. Эдгээр бүтээл эмийн ургамлын мэдээллийн сангийн суурь болно. Дараагийн үеийн гол судалгааг өнгөрсөн зууны 50-аад оноос эхлэн хийж эхэлсэн. Энэ судалгааг бидний багш, академич Ц.Хайдав тэргүүлэн хийж, олон сайн судлаачдыг бэлтгэсэн. Түүний шавь нарын нэг Б.Хүрэлчулуун багшаа онцлон тэмдэглэмээр байна. Багш нарын маань эмийн ургамлын бүтээлүүд уламжлалт анагаах ухааны эм судлал, эм найрлагын судлалд онцгой байр эзэлнэ. Түүнчлэн доктор У.Лигаа, профессор Б.Болдсайхан, профессор Д.Суран гээд олон хүн мэдээллийн санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
-Танай судалгааны баг судалгааны ямар арга барилыг сонгон ажиллаж байна вэ? Ямар хугацаанд аль аймгуудад судалгаагаа хийв?
Ш.Болд: -Судалгааны арга зүйн хувьд эхлээд эмийн эртний сонгодог судар номоос зорилтот ургамлуудаа амт, чанар, чадал, тус эрдмээр нь ялган авч хасах шалгуураар дахин нягталж үзээд 40 орчим ургамлыг судалгаанд хамруулсан. Түүнчлэн уг ургамлуудын нөөц, тархац, жоронд орох давтамж, судлагдсан байдал, тарих технологийг хамтруулан судалсан. Нийтдээ таван аймгийн нутагт ургадаг эмийн ургамлаас аль хэсгийг нь хэзээ түүх ёстой яг тэр ёсоор нь дээж авч, стандартын дагуу хатааж бэлтгэсэн. Эдгээр ургамлаа тусгай протоколын дагуу буцалган, гаргаж авсан хандыг өтгөрүүлээд дараа нь хасах 20 хэмд хатаан хуурай хандаа бэлтгэсэн. БНСУ-ын Дэгү Хааны Их Сургуулийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнд фитохими болон бусад нарийн судалгааг хийнэ. Манай хүрээлэнгээс хоёр судлаач очиж солонгос судлаачтай хамтран ажиллах ёстой. Харамсалтай нь, ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болоод хойшлоод байна.
-Судалгааны онцлох үр дүнгээс уншигчдад хуваалцаж болох уу?
Ш.Болд: -Төслийн эхний үр дүнг базаад дөрвөн зүйлээр хэлье.
Нэг. Уламжлалт анагаах ухааны судлаачдын мэддэг эмийн судруудаас гадна шинээр хоёр эмийн судар олж судалгааны эргэлтэд оруулсан. “Элдэв зүйлийн эмийн нэр, тодотгосон бичиг” хэмээх маш ховор гар бичмэл номыг Буриад Монголын увш Ванчүг гэдэг лам 1846 дугаар онд эхлэн бичээд, христосын 1847 дугаар онд дуусгажээ. Бид энэ бүтээлээс үе мөчний өвчин болон бодисын солилцооны хам шинжийг эмчлэх эмийн ургамлын тухай зарим чухал мэдээллийг олж авсан. Нөгөө судар нь Сэмбээжав ламын Дэүмар Данзанпунцагийн зохиол “Манжийн гүйва дэмэд шилгон” судрын төвөд, монгол хадмал орчуулга юм.
Хоёр. Үе мөчний үрэвсэл, бодисын солилцооны хам шинж, таргалалтыг эмчлэх эндемик эмийн ургамлыг уламжлалт эмийн эртний судар номоос судлан тогтоож, тарималжуулах шаардлагатай эмийн ургамлын төрөл, зүйлүүдийн генофондыг хадгалах, хамгаалах, тарималжуулах ажлыг хэрхэн хийх зөвлөмж боловсруулсан.
Гурав. Энэхүү судалгаагаар уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эмийн ургамлаас гарган авах брэнд бүтээгдэхүүн, брэндийн зах зээлд болон хэрэглэгчдэд хүрэх үнэ цэнэ, брэндийг мэдэх байдал, брэндийн чанар зэргийг тодорхойлох оролдлого хийсэн.
Дөрөв. Уламжлалт эмийн борлуулалт ойролцоогоор жилд 1,5 тэрбум төгрөг л болж байна. Энэ бол бага тоо. Учир нь манай зах зээл бага. Тиймээс нэн хэрэгцээтэй зөвхөн Монголд ургадаг эмийн ургамлыг судалж тариалах, эмийн ургамал тарих плантаци, томоохон ферм аж ахуйн нэгж байгуулах, цаашлаад шинэ технологоор үйлдвэрлэсэн уламжлалт эм, эмийн ургамлыг экспортод гаргах боломж байгааг судалсан.
-Төслийг хэрэгжүүлж дуусах үед Монголын Уламжлалт Анагаах Ухааны Эрдэм Судлалын Хүрээлэнгийн багийн зүгээс ямар үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй ажиллаж байна вэ?
Ш.Болд: -Хүн амын дунд элбэг тохиолддог үе мөчний үрэвсэл, бодисын солилцооны хам шинж, таргалалтын эсрэг үйлчилгээтэй эмийн ургамлуудыг анагаах ухааны эртний ном судраас судлан тогтоож, магадлан жагсааж мэдээллийн сан бүрдүүлнэ. Дараа нь эдгээр ургамлуудаа багтаасан номыг англи, монгол хэлээр бичиж хэвлүүлнэ. Үе мөчний өвчин, таргалалтын эсрэг үйлчилгээтэй эмийн ургамлуудын эм судлалын судалгааг хийж, тарималжуулна. Ингэснээрээ дээр дурдсан өвчнийг эмчлэх шинэ эм бэлдмэл гаргахаас гадна, эмийн түүхий эдээ экспортод гаргах боломжтой болно. Бидний төлөвлөж байгаагаар энэ төслийн үр дүнгээр дор хаяхад таваас найман судлаач докторын зэрэг хамгаална. Эхний судлаачид судалгааны ажилдаа өнгөрсөн зунаас аль хэдийн орсон.
-Орчин үеийн анагаах ухаанаар эмчилж чадаагүй өвчин эмгэгийг Монголын уламжлалт анагаах ухаан, ялангуяа Монголд ургадаг эмийн ургамал, түүгээр хийсэн эм, бэлдмэлээр эмчлэх бололцоо бий юу?
Ш.Болд: -Бүрэн бий. Ингэж хэлэх хоёр гол үндэслэл байна. Юуны өмнө бидний өвөг дээдэс маань бидэнд уламжлалт анагаах ухаан гэсэн мэдлэгийн маш баялаг сан хөмрөгийг үлдээсэн. Энэ санг зөв арга зүйгээр, зөв сэтгэлээр, зүй зохистойгоор нээн ашиглаж чадвал одоогийн тулгамдаад байгаа эрүүл мэндийн асуудлыг шийдэх боломж бүрэн бий. Эртний эмийн судрыг үзэж судлах тусам итгэл үнэмшил улам төрж байна. Нөгөө талаас тоног төхөөрөмж сайтай, судалгааны арга зүй нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, нотолгоо түшсэн лабораторитой БНСУ-ын томоохон их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа нь том боломж олгож байна.
Ерөнхийдөө энэ төсөл бол Монгол Улсын уламжлалт анагаах ухааны салбарын хөгжилд шинэ өнгө төрх, гарц, шийдэл авчирна гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. Нэг ёсондоо уламжлалт анагаах ухааны салбарт шинэ үзэгдэл бий болно гэсэн үг.
– Цаг гарган ярилцсанд баярлалаа.