Хятадын үе үеийн шинэ удирдагчид ажлаа хүлээж аваад Намын төв хорооны гишүүдийн бүгд хурлаа хийж ирэх 10 жилд барих бодлогоо танилцуулдаг уламжлалтай. Дөрвөн өдөр хаалттай үргэлжилсэн Хятадын коммунист намын гуравдугаар хурал өндөрлөлөө.
Хурлаар улс орныхоо ирэх арван жилийн бодлогыг тодорхойлж олон зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд чөлөөт зах зээлийн бодлогыг зоримог хэрэгжүүлэх ч төрийн өмч эдийн засгийн гол тулгуур багана хэвээр байна гэдгийг онцолсон байна. Мөн энэ хурлаар фермерүүдийн газраа эзэмших эрхийг нь хамгаалж, газрын асуудлаас үүсдэг нийгмийн эмх замбараагүй байдал гаргуулахгүй байх нөхцөл бүрдүүлэхийг зорьжээ.
Түүнчлэн орчин үеийн армитай болохоос эхлээд далайн эргийн хотуудад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, авлигыг устгах, гэхчлэн олон зорилтыг энэ хурлаар хэлэлцсэн байна. Ингэснээр Хятадын Коммунист нам эдийн засагтаа өөрчлөлт, шинэчлэлийг хийж, хөгжлийн шинэ шатанд гаргахаар зорьж байгааг онцолж байгаа аж.