Монгол улсын 2014 оны төсөв батлагдлаа

cb198cf375b39216originalӨнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын 2014 оны төсвийг батлаж чадахгүй байсан бол УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасны дагуу огцрох ёстой байсан билээ. Тэгвэл гишүүд ирэх оны төсвөө чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 42 нь буюу 79.2 хувь нь дэмжлэгтэйгээр батласан байна. Тодруулбал,

Улсын Их Хурал Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4 их наяд 676 тэрбум 370.5 сая төгрөг, Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн зарлагын хэмжээг 5 их наяд 594 тэрбум 785.9 сая төгрөг байхаар баталлаа. Мөн Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг 1 их наяд 143 тэрбум 275.5 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын 2014 оны төсвийн санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29 тэрбум 799.6 сая төгрөгөөр батлав.

Ирэх оны төсвийн жилд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг шинээр болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих 1 их наяд 400 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах, шинээр 289 тэрбум 971.1 сая төгрөгийн Засгийн гадаад төслийн зээл авах замаар санхүүжүүлэхээр тогтов. Мөн ирэх онд Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2 их наяд 500 тэрбум төгрөгөөс илүүгүй байхаар тогтоолоо.

Ирэх оны төсвийн жилд орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээг нийт дүнгээрээ 159 тэрбум 170.7 сая төгрөг, харин 2014 оны төсвийн жилд орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын нийт хэмжээг 71 тэрбум 338.5 сая төгрөг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн нийт хэмжээг 284 тэрбум 400.8 сая төгрөг байхаар батлав.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталлаа. Ирэх онд төсвийн хөрөнгөөр 2 их наяд 567 тэрбум 529.1 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг санхүүжүүлэхэд 1 их наяд 143 тэрбум 275.5 сая төгрөг зарцуулахаар болж байна.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулиудын төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эцэслэн батлав. Нийгмийн даатгалын санд ирэх оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх нийт орлогыг 1 их наяд 567 тэрбум 337.7 сая төгрөг, нийт зарлагыг 1 их наяд 289 тэрбум 289.2 сая төгрөг, харин Хүний хөгжил сангийн төсөвт төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 549 тэрбум 780 сая төгрөг, төсвийн зарлагын хэмжээг 312 тэрбум 064.2 сая төгрөг байхаар батлав. Ирэх оны төсвийн жилд Хүний хөгжил санд мөнгөн орлого хуримтлуулахгүй юм байна.

Дашрамд дурьдахад, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль нь Монгол Улсын 2014 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэж байгаа аж.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …