Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Ковид-19” халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “0-17 насны хүүхдүүд халдвар авах нь нэмэгдсэн. Тэр дундаа 5-14 насны хүүхдүүд халдвар их авч байна. Мөн 25-44 насны иргэд халдвар авах нь өндөр хувьтай байгаа. Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2.067.000 хүнд вакцин хийнэ. Энэ нь нийт хүн амын 60 хувь. Улсын хэмжээнд I тунд 89.9, II тунд 64 хувь нь хамрагдсан. Нийслэлийн хэмжээнд I тунд 99.8, II тунд 78.3 хувийн хамрагдалттай байна” гэв. Улсын хэмжээнд дархлаажуулалтыг долдугаар сарын 1-нд дуусгахаар, Улаанбаатар хотын хэмжээнд зургадугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөжээ.
Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 31 байрыг ажиллуулж байна. Үүнээс 21-д нь гадаадаас ирж байгаа иргэдээ хүлээн авч байгаа гэнэ. Мөн зургадугаар сард олон улсын 20 нислэг хийхээр төлөвлөжээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нийслэл Улаанбаатар хотын иргэд вакциндаа сайн хамрагдсан байна. Д.Сумъяабазар, Р.Чингис дарга тэргүүтэй НОК-ынхон сайн ажиллалаа” хэмээсэн юм.
Мөн улсын хэмжээнд I тунд хамрагдсан иргэдийн 0.44, II тунд хамрагдсан иргэдийн 0.53 хувь нь халдвар авчээ. II тунд хамрагдаад халдвар авсан 3876 иргэн байгаагаас вакцин хийлгээд 14 хоносны дараа халдвар авсан 974 хүн байна. Иймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх шаардлагатай байгаа юм.