Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль өчигдөр /2021.06.09/ боллоо.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс Д.Энхбат нар нэр дэвшин өрсөлдлөө.
Урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 67.8 хувийн саналыг МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх аваад байна.
Тэрбээр СЕХ-ноос санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар шууд дамжуулж танилцуулсны дараа намын байрандаа мэдээлэл хийлээ.
Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Манай иргэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр санал хураалтын дүнг бидэнтэй хамт авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие 65 орчим хувиар ялалт байгуулж байна. Энэ бол эхэлсэн ажлаа дуусгах том хариуцлага. Төр засгаа тогтвортой байдлаар ажиллах итгэл найдвар өглөө. Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг би хичээл зүтгэлээр хариулах болно.
Улс орныхоо сайн сайхан амьдралын төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно. Үр хүүхэд залуу хойч үеэ сайн сайхан нийгэмд амьдруулахын төлөө зүтгэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд хамт нэр дэвшиж өрсөлдсөн АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэ, “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбат нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Цаашдынх нь ажилд, улс төрийнх нь амьдралд, гэр бүлд хамгийн сайн сайхныг хүсч, эрүүл энх аз жаргалыг ерөөе.Монголынхоо ард түмэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.