…Ар араасаа хөврөх завгүй өдрүүдийн хэмнэлд хэрхэн түүртэн ядарч буйгаа, эргэн тойронд юу өрнөж, цаг хугацааны давлагааг даган өөрчлөгдөж байгаагаа бид анзаардаг бил үү? Өөрсдийгөө, хүсэл хийгээд хэрэгцээ, оюун бодол, ухамсраа анзаарах, нүүр тулах үе хэд билээ? Сэтгэл зүрх, бие, оршихуйг минь ядраах үй олон эд юмс, сэтгэл хөдлөл дунд живэх ахуйд хэн нэгэн “аврах хантааз” шидээсэй гэж хүсдэггүй гэж үү? Ийм зэрвэс бодлуудтай өдрүүдэд бодит байдлыг, үнэн төрхийг, магад харах, сонсохыг үл хүсэх нүцгэн ахуйг өмнө дэлгэх нэгэн үзэсгэлэн ХААН галерейд нээлтээ хийсэн нь Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Сэр-Одын Саранцацралтын “Оюун санаагаа аваръя” байлаа.
Цаасан аяга, хэрэглэсэн живх, усны сав, булган хүрэм, бас та бидний хэрэгцээг хангаад хаа нэгтээ гээгдэн мартагдсан эд зүйлс, зэргэлдээх хаалганы цаана өрнөн байдаг зүрх өвтгөм үзэгдлүүдийн дүрслэл харь атлаа танил санагдана. Бидний өдөр бүр, алхам тутамдаа хардаг, гэвч төдийлөн анзаардаггүй танил, харгис амьдралын дүрийг харуулсан бүхэл концепц бүхий есөн бүтээлийг дэлгэсэн нь энэ аж. Нэг нэгээр нь салган тавьбал олж харахгүй мэт ч, танхимд ингээд цуглуулчихвал хиртхийв зургийг бүтээх бидний хэтийдсэн хэрэглээ, хүслийн урхи, харгис төрхийг ийнхүү “дэглэхдээ” С.Саранцацралт энгийн хэрэглээний эд юмсыг (Readymade) ашигласан нь уран.
Урлагийг бүтээхдээ, хүмүүсийн оюун санаанд хүрэхдээ юуг ч ашиглаж болохын баталгаа энэ байв. Ерөөс контемпорари урлаг яг одоо цагт, бидний дунд оршиж, аливааг концепцоороо илэрхийлдгийг эндээс мөн харж болно.
“Оюун санаагаа аваръя” бие даасан үзэсгэлэн энэ сарын 30-ны өдрийг хүртэл ХААН галерейд үргэлжилнэ.