Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Р.Батнасангаас тодрууллаа.
Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг гэж ямар гэмт хэргийг ойлгох вэ, энэ гэмт хэргийн талаар танаас мэдээлэл авах гэсэн юм?
Юуны түрүүнд эрүү шүүлт гэж юу болох, хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан байдаг талаарх мэдээллийг өгье. 2002 оны Эрүүгийн хуульд “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан” бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байсан.
Харин Нэгдсэн үндэстний байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол улсад 2010, 2016 онд өгсөн зөвлөмжид “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-ийн 1 дүгээр зүйлд нийцүүлэн дотоодын Эрүүгийн хууль тогтоомжид “эрүүдэн шүүх” гэсэн тодорхойлолтыг тусгах хэрэгтэй гэж зөвлөсөн.
Конвенцийн 1 дүгээр зүйлд “эрүүдэн шүүх” гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” хэмээн тодорхойлсон байдаг.
Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” үйлдэл гэж хуульчилсан.
Манай улсад эрүү шүүлт тулгах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлтийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
Улсын хэмжээнд энэ оны 3 дугаар улирлын байдлаар “мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын алба хаагчид хэрэг хүлээлгэх зорилгоор сэжигтэн, яллагдагчийг зодож, дарамтлан хүчээр хэрэг хүлээлгэсэн, мэдүүлэг авахаар албадсан, зүй бусаар харьцсан” гэсэн гэмт хэргийн шинжтэй 53 гомдол, мэдээлэл бүртгэгдэж шалгагдсан. Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” 26 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулсан. Үүнээс хэрэг бүртгэлтийн 18 хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж, 3 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн. Хэрэг бүртгэлт явуулсан Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.9 хувиар, хаасан хэрэг 58.1 хувиар тус тус буурсан бол яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэрэг ижил төвшинд байна.
Шүүхэд шилжүүлсэн хэргүүдийн тухайд, Цагдаагийн алба хаагч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон хэргийг шалгах явцад хэрэг хүлээлгэх зорилгоор зодох, хууль бусаар саатуулах зэргээр бие махбод болон сэтгэл санааг шаналган зовоож, эрүүл мэндэд нь хохирол учруулж эрүү шүүлт тулгасан үйлдэлтэй хэргүүд байгаа.
Прокурорын байгууллага иргэдээс ирүүлсэн эрүүдэн шүүсэн талаарх хэчнээн гомдол мэдээллийг хянаж шийдвэрлэсэн бэ?
Улсын Ерөнхий прокурорын газарт эрүүдэн шүүсэн, зүй бус харьцсан талаар иргэд, хэргийн оролцогч нараас гаргасан нийт 18 гомдол хүлээн авсан. Үүнээс 11 гомдлыг хүлээн авахаас татгалзаж, 1 гомдлыг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлж, 6 гомдлыг харьяалах мөрдөн шалгах байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг хянаж шийдвэрлэхээс гадна Улсын Ерөнхий прокурорын газраас урьдчилан сэргийлэх шалгалтуудыг хийж байна. Тухайлбал, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/57 дугаар тушаалаар батлагдсан “Мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлага”-ын биелэлтийг Баянгол, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газруудын харьяа хэлтсүүдэд шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажилласан.
Улсын ерөнхий прокурорын тушаалаар Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийн үндсэн чиг үүрэг юу байдаг вэ?
Улсын Ерөнхий прокурорын 2019 оны А/42 дугаар тушаалаар “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг Улсын Ерөнхий прокурорын орлогч, хэлтэс, албаны даргаас бүрдсэн 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тус зөвлөл нь зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон ял эдлүүлэх ажиллагааны явцад хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах зэргээр эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх ажлыг Прокурорын байгууллагын хэмжээнд нэгтгэн зохион байгуулах чиг үүрэгтэй бөгөөд хүний эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгж прокурорын газрууд хэрхэн анхаарч байгаа вэ? авч хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар танилцуулахгүй юу?
Харьяа прокурорын газрууд эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудын мэдүүлэг авах өрөөнүүдийг сар бүр шалгадаг. Хариуцсан нутаг дэвсгэр дэх Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албан хаагчдад энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүү шүүлтэд өртсөн эсэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос судалгаа авах зэрэг ажлуудыг тогтмол хийж байна. Мөн Цагдаагийн газрын хэлтэс болон прокурорын газруудын хүлээлгийн танхимд эрүүдэн шүүсэн, зүй бус харьцсан талаарх гомдол, хүсэлт хүлээн авах хайрцгийг байршуулан ажиллуулж байгаагаас гадна богино хэмжээний видео шторк, гарын авлагыг тогтмол бэлтгэн олон нийтэд хүргэж байна.
Хэрэв иргэн эрүү шүүлтэд өртсөн бол энэ талаарх мэдээллийг хаана хандаж өгөх ёстой вэ?
Эрүү шүүлт тулгасан гэж үзвэл харьяа прокурорын газарт гомдол гаргах эрхтэй.