“Хүний хамрын нүх хувьслын явцад доошоо харан хөгжсөн нь сансраас унаж байгаа өвчний эх үүсвэрүүдээс хамгаалах зорилготой” гэж тэрслүү үзэлт эрдэмтэн Фрэд Хойл тайлбарлаж байжээ. Хэрэв энэ үзэл ортой гэвээс өнөөгийн бидний гоо сайхныг хэмжих хэмжүүр тунчиг зөрөөтэй байх байсан биз. Бидний хамрын нүх дээшээ харсан байрлалтай байж ч болох учраас тэр. Гэвч тийм зүйл тохиолдоогүй нь яамай.
XXI зуунд амьд оршин байгаагаа ойлгох хэмжээний ухаалаг байгаагийнхаа төлөө та биологийн түүхэнд тохиолдсон дараалсан олон үйл явдалд талархах хэрэгтэй.
Дэлхий хэрхэн үүссэнээс эхлээд хэдий хэр жинтэй болох, дэлхий хэдэн настай хийгээд нарнаас хэдий хэр зайтай эсэхийг мэдэхийн тулд олон улсын олон ч эрдэмтэд хэдэн зуун дамжин өөрсдийн амьдралаараа дэнчин тавин судалж, туршилт хийж ирсэн түүхүүд хэдэн зуугаар тоологдох агаад түүнийг эдүгээ уншин суух нь тун сонирхолтой. Тэр тусмаа шинжлэх ухааны төлөө халуунд халж, хүйтэнд хөрж бүхий л амьдралаа зориулсан ч, гавьтай гавьяанд хүрэлгүйгээр зовлонт тарчиг амьдралаар амьдарсаар нас нөгчсөн тэдгээр эрдэмтдийн амьдралын түүх нэн эмгэнэлтэй. Сайн зүйл нь гэвэл тийм л хүмүүсийн хичээл зүтгэл, аугаа тэвчээр, золиос гарган шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийн үр ашгийг өнөөгийн бид хүртэн амьдарч буй явдал.
Байгаль цаг уурын нөхцөл, дундад зууны үеийн техник технологийн үл хөгжсөн байдлаас гадна шашны мухар сүсэг, мухар сүсэгт автсан хүмүүсийн шинжлэх ухаанд учруулсан хор уршиг инээд хүрэм олон. Өнөө ч мухар сүсэг шинжлэх ухааны эсрэг үйлчилсээр буй нь харамсам.
Уулс гол мөрөн, далай тэнгис оршсоор байсан 3.8 тэрбум жилд эх эцгийн тань аль аль талын дээд угшил нэг нэгнээ зөв олж, үр удмаа үлдээхүйц эрүүл саруул байж, азтай хувь тавилан болон нөхцөл нь бүрдсэний хүчээр удмаа үлдээх хүртлээ хангалттай урт насалжээ гэдгийг эргэцүүлэн бодууштай.
Хүмүүс бид энэ дэлхий дээр оршин байхын тулд маш олон азтай тохиолдлууд шаардлагатай байсан. Дэлхийн хувьд үнэндээ нэлээд хэдэн азтай тохиолдол таарсан юм. Жишээ болгож дөрвөн зүйлийг дурдвал:
Нэгт, дэлхийн оновчтой байрлал, 1978 онд Майкл Харт хэмээх астрофизикч тооцоо хийгээд хэрэв дэлхий наранд 5 хувиар ойртсон бол, эсвэл 15 хувиар хол байсан бол манай гараг дээр амьдрал үүсэх боломжгүй байсан гэх дүгнэлтэд хүрчээ.
Хоёрт, Зөв гариг. Гуравт, дэлхий бол ихэр гариг юм. Тун цөөхөн хүн л сарыг гариг гэж боддог, үнэндээ үнэхээр тийм юм. Удаан хугацааны туршид астрономичид Сар Дэлхий хоёр хамтдаа үүссэн буюу дэлхий сарыг уургалж авсан гэж боддог байсан. Үнэн хэрэгтээ одоогоос 4.4 тэрбум жилийн өмнө Ангараг гарагийн хэмжээтэй биет Дэлхийг мөргөхөд хангалттай их материал салан гарсан бөгөөд тэр хэсгүүд нэгдэн сарыг үүсгэжээ. Энэ явдал нь аль эрт үед тохиолдсон учраас бидний хувьд сайн зүйл болсон. Хэрвээ энэ явдал 1896 онд юм уу өнгөрсөн лхагва гаригт болсон бол бидэнд тийм ч таатай тусахгүй нь мэдээж. Энэ нь дөрөв дэх хүчин зүйл болох Цагаа зөв олсон тохиолыг сануулна. Орчлон аугаа том, үйл явдлаар дүүрэн. Энэ ертөнцөд бидний оршин байгаа нь үнэхээр гайхамшигт явдал. Хэрвээ 4.6 тэрбум жилийн өмнөөс маш олон дараалсан үйл явдлууд яг тэрхүү тодорхой дарааллаар тодорхой цаг хугацаанд болоогүй бол, ганцхан жишээ татахад солир ирж динозавруудыг арчиж хаяагүй бол – та өдийд хэдхэн см өндөртэй, урт сахал, сүүлтэй байх байсан ба энэ номыг үүр нүхэндээ уншиж суух байх байжээ.
Шинжлэх ухааны товч түүх гэх энэхүү номыг бичсэн Англи Америкийн зохиолч Билл Брайсон нь анх дунд сургуульд байхдаа шинжлэх ухаанд дурлаж, илүү гүнзгийрүүлэн мэдэхийн тулд тухайн үедээ олон ч номыг шагайж үзсэн байна. Гэвч тухайн үеийн шинжлэх ухааны тухай номууд мэл гайхуулам нууцаа нуучихсан юм шиг тун сонирхолгүй санагдаж. Тиймдээ ч хожим хойно өөрийн сонирхолдоо хөтлөгдөн шинжлэх ухааны гайхам сонирхолтой түүхийг ямар ч хүн уншсан ойлгомжтой байхаар бичихээр шийдсэн агаад энэхүү хүсэл зорилгынх нь биелэл нь энэ ном юм.
Н.НАНДИНЧИМЭГ