Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2022 оны 03 дугаар сарын 29-30-ны өдөр Төрийн ордонд “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулах гэж байна.
Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм.
Чуулганаар:
- Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоор хүлээсэн үүрэг, санхүүжилт, Шинэ сэргэлтийн бодлого;
- Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа;
- Тогтвортой санхүүжилтийн замын зураг;
- Ногоон хөгжлийн сэргэлт-Онцлох хөгжлийн төслүүдийн санхүүжилт;
- Ногоон хөрөнгийн зах зээлийн олон улсын туршлага. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөмж. Монголын ногоон хөрөнгийн зах зээлийн замын зураг;
- Ногоон, тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Мөн чуулганы үеэр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан байгуулах бөгөөд хөдөлгөөнд нэгдэхээ илэрхийлсэн банк, санхүүгийн байгууллага, зарим томоохон аж ахуйн нэгжид батламж гардуулна.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, холбогдох яам, агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Олон улсын санхүүгийн корпорац, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм.