Өнөөдөр 12:00 цагаас МУГЖ С.Жавхлан тэргүүтэй хүмүүс “Хөх нуруут” төвд хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд МУГЖ С.Жавхлан, МҮТВ-ийн программын албаны дарга Г.Агаанноров, “Т.Студи”-ийн захирал Ж.Төгс-Эрдэнэ, Ж.Түмэнбар, “Зөв сэрэхүйн ухаан” ТТБ-ын тэргүүн Г. Намираа, “Goibi” студийн захирал Д.Галбаяр нар оролцлоо.
Г.Агаанноров: Та бүхний өдрийн амгаланг эрье. Уг нь бид 2014 он гарангуут олон нийтэд дуулгая гэж бодсон юм. Гэхдээ одоо 2014 он дөхөж байгаа учраас ямартай ч эхлэлийг нь дуулгая гэж яаран хэвлэлийн хурал .зарласан юм. “Хамаг Монгол” төслийн хамт олноос “Дэлхийн Монгол” төслийг дэмжих үүднээс 2014 оныг Монголын соёлын биет өвийг хамгаалах жил болгон зарлан тунхаглаж байна. Тодруулбал, 2014 оны турш бид дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголын соёлын биет өвийг сурвалжлах, мэдээлэх, хамгаалах, цуглуулах, монголд үзэсгэлэн гаргахад анхааран ажиллах болно.
Ингээд бид нар 2014 оны 1 сарын 1-нээс эхлэн монголын иргэд, өрх айл, албан байгууллага, хувь хүн бүхэнд Үндэсний өв соёлоо дээдлэх, хамгаалах уриалга гаргаж байна. “Хамаг Монгол” төслийн хамт олон, МУГЖ Самандын Жавхлангийн зүгээс”Дэлхийн монгол” төслийг дэмжих үүднээс монголын биет өвийг хамгаалах жил болгон зарлаж байна.
С.Жавхлан: Яагаад Самандын Жавхлан үүнийг санаачлах болов гэхлээр бид өмнө нь “Хамаг монгол” төслийг хэрэгжүүлэн монгол туургатан улс орнуудаар явж байхад тэдгээр улс орнуудад бидний өвөг дээдэс, хаад ноёдын эдлэж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс улс орнуудын музей, иргэддийн цуглуулга дотор их байна. Тэднийг эх орондоо авч ирэх юмсан, үгүй ядаж монголчуудаа дэлгэн үзүүлэх юмсан гэсэн бодол төрж байсан. Тийм учраас “Хамаг Монгол” тэслийг хэрэгжүүлж байх явцад дараагийн хийх ёстой ажил болох энэ төслийн санаа анх төрсөн. Мөн судлагааны ажлууд ч гэсэн өмнөх төслийн явцад хийгдэж байсан. Дэлхийн монгол төслийг “Хамаг Монгол” төслийнхөн эхлүүүлж, амжилттай дуусгалаа. Жавхлангийн хувьд төсөл гэдэг зүйлийг “Хамаг Монгол” төсөл гэдгээр амьдралдаа анх удаа хийж гүйцэтгэлээ. Амжилттай сайхан боллоо.
Харин үүний ард гарахад бид асар их том том зүйлийг алдсан ч тохиолдол байдаг юм байна, хаяж гээгдүүлсэн тохиолдол ч байдаг юм байна, мартсан ч юм их байна. Энэ болгоныг эргэж сануулъя, харуулъя, үзүүлье гэсэн бодол төрж байлаа.
Өнгөрсөн хугацаанд Халимаг, Тувагаар, Буриад, Өвөр-Монголоороо явлаа. Очсон газар болгонд түүхэн олдвор хадгалдаг музейгээр нь орлоо. Тэр хүмүүс үндэсний өв соёлын эд зүйлсээ ямар айхтар хамгаалж байна вэ?, яасан их дээдэлж байна вэ? Тэр хүмүүс хэдэн зуун жилийн өмнө хэрэглэж байсан эдөлгийн зүйлсийг одоо болтол хайрлаад, хамгаалаад явж байн. Тэгээд надаас асууж байна билээ. “Жавхлаан бид нарт ийм зүйлүүд байхад Монголд маань үүнээс их зүйл байдаг биз дээ” гэсэн. Үүнийг сонсоод надад “нээрээ бид чинь өв соёлоо хамгаалж чадаж байгаа билүү” гэсэн бодол төрж байна лээ. Эх орондоо ирээд хүмүүстэй уулзаж үзлээ, тэдний яриаг ч сонслоо. Сэтгэл дундуур байна.
Бид нарын “хужаа” гэж шоолоод байгаа Өвөр-Монголдчууд хүртэл Чингис хааныг онгодын онгоныг хийчихсэн байж байна шүү дээ. Бид нар энэ их түүхийн өлгий болсон Монгол эх орондоо эзэн нь болж сууж байгаа хирнээ монгол туургатны биднээс асуугаад байгаа өв соёл бидэнд байна уу. Гадныханы асуугаад байгаа дээрх асуултанд бид юу гэж хаиулах вэ? Энэ бүхнийг бодож тунгаасны эцэст “Дэлхийн монгол” төсөл эхлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Эл ажлыг бид хэрэгжүүлэх ёстой юм байна гэдгийг ухаарсан.
Бид Монголын гэх бүхнийг л бодож сэтгэлдээ тээж явдаг, ширхэг чулуу гараад явсан ч миний юм шүү, бидний юм шүү гэж харамлах сэтгэл төрж байдаг. Нэг хүний амь тасрахад л бидний ах дүү юм шүү харамсаж байдаг. Харин нэг хүн бидэнд хорвоод мэндлэхэд тосож баярлаж явдаг, нэг мал төллөхөд хүртэл бид баярлаж тосож авдаг. Бидний Монголчууд ийм л хүмүүс. Ганцхан Жавхлан ч биш монголчууд бүгд тийм байх гэж би боддог.
Г.Намираа: Монголчууд бидний эд өлгийн зүйлс гадаад улсуудад нэлээд тарсан байна. Тэр бүү хэл АНУ-ын 3 хувь иргэн Монголын эзэнт гүрний үеийн эд өлгийн зүйлсийн бүхэл бүтэн цуглуулгатай байдаг юм байна. Манай төслийн гол зорилго бол Дэлхий улс орнуудад тархсан хувь хүмүүсийн цуглуулга болон үзвэрийн газруудад хадгалагдан байгаа, тэр бүр ил гараагүй монголын эртний түүхэн олдворууд, эд өлгийн зүйл, соёлын өвийг дэлхий нийтэд дэлгэснээрээ монголчууд дэлхийн ууган үндэстэн бөгөөд тэд дэлхийн түүхэнд агуу үйлс бүтээж байсныг нотлох, Монгол үндэстний соёлын биет өвийг хамгаалан, бүртгэн баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулахад оршиж байгаа юм. Өмнө “Хамаг монгол” төслийг хэрэгжүүлэхэд бид төр засгийн зүгээс дэмжлэг хүсэж байгаагүй. Харин энэ төслийн хүрээнд Соёл, спорт аялал жуулчлалын яамны зүгээс бидний ажлыг дэмжин ажиллана гэж найдаж байгаа.
Д.Галбаяр: Би уран бүтээлч, найруулагч хүн. Монголчуудынхаа бахархал болсон түүхэн үйл явдлаар түүхэн юмуу баримтат кино хийх хүсэл мөрөөдөл байдаг. Одоогоор түүхэн үйл явдлаар хийсэн уран бүтээл байхгүй ч гэсэн уран бүтээлч болж төрснийхөө хувьд хийнэ гэсэн туйлын хүсэлтэй явдаг.
Гэтэл өнөөдөр түүхэн цаг үетэй холбогдсон сайхан бүтээл хийе гэхээр 1-рт судалгаа дутуу, 2-рт баримт дутуу, 3-рт олдвор байхгүй байдаг. Ийм учраас энэ гарч байгаа түүхэн гэх тодотголтой уран бүтээлүүд ихэвчлэн хиймэл хийсвэр сэтгэхүйгээр, бодит байдлаас хол хийгддэг.
Найруулагч хүний хувьд, урлагтай холбогдсон хүний хувьд би энэ дээр маш их харамсаж явдаг. Тийм ч учраас би түүхэн уран бүтээлд гар хөл дүрж чаддаггүй юм. Ийм учраас энэ залуучуудыг дэмжиж байна, үнэхээр зүрх сэтгэл минь булгилж байна. Энэ залуусын хүсэл мөрөөдөл биелээд өвөг дээдсийн амьдралын батламж нотолгоо болсон эд зүйлсийг эх оронд нь авч ирээсэй. Тэгвэл бид ядаж зургийг нь аваад үлдчих юмсан, би бас уран бүтээлийнхээ хэсэгт ч гэсэн оруулахын тулд үүх түүхийг нь сонсчих юмсан, өнгө дүрсийг нь харчих юмсан гэсэн хүсэл надад байдаг болохоор энэ төсөлтэй хамтран ажиллахаар болсон.
Ж.Төгс-Эрдэнэ: Одоо энэ сургуульд сурч байгаа бидний хүүхдүүдэд үндэсний соёл урлагийн ямар мэдлэг өгч байна вэ? Манай хүүхэд 5 ангид сурдаг, дуу хөгжмийн сурах бичиг нь гэхэд л бөөн нот. Багш нар нь өөрсдөө энэ нотоо мэддэгч юм үү бүү мэд. Гэтэл өвөр монголд нэг айлд ороход л Жангарын тууль хайлж байна шүү дээ. Харин манайд бол юун Жангар, ядаж Алтайн магтаалыг бүрэн мэдэж байгаа хүүхдүүд хэд байна вэ? . Энэ бол өөрөө өв соёл шүү дээ. Миний аав ямар эд хөрөнгө өвлүүлж үлдээх бол, миний ээж аль алтан ээмгээ надад өгөх бол гэж өнөөгийн залуус хүлээдэг хардаг болж. Энэ бол байж болшгүй буруу зүйл. Гэтэл бидний өвөг дээдэс бид нарт эд хөрөнгөөр үнэлэгдэшгүй зүйл өвлүүлж үлдээсэн байна шүү дээ. Харин бид тэр өв соёлоо хэрхэн авч үлдэж байна вэ,
Г. Агаанноров: Ингээд “Дэлхийн Монгол” төслийг эхлүүллээ. Өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байгаа нь дэлхийн монгол төсөл эхлэх гэж байгааг сонсгох гэсэн юм. Мөн 2014 оныг “Хамаг Монгол” төслийн багийнханы зүгээс “Соёлын биет өвийг хамгаалах жил болгон зарлаж байна” Хувь хүн, албан байгууллага, өрх айл та бүхэн энэ талаар санал солилцож, дэмжин ажиллаарай гэж хэлэх байна. Манай хэвлэл мэдээллийнхэн маань энэ үйл ажиллагааг дэмжиж, олон нийтэдмэдээллийг хүргэж сурталчилж өгнө байх гэж найдаж байна. Та бүхэнд хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Ц.Мөнх