Наадмаар орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгддэг

Жилийн жилд наадмын өдрүүдэд цагдаагийн газарт олноор ирдэг дуудлага бол орон байрны хулгайн гэмт хэргийн дуудлага. Хүмүүс амралтын өдрүүдэд хөдөө, орон нутаг болоод амралтын газрыг зорихдоо гэрээ хөршдөө болон хамаатан садандаа захиж үлдээх, эргэж тойрч байхын чухлыг НЦУГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг анхааруулж байлаа.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагад ердийн үед өдөрт дунджаар орон байрны хулгайн гэмт хэрэг 10 орчим бүртгэгддэг бол иргэдийн эзгүй, амралт зугаалгын цагуудад энэ тоо 30 болж нэмэгддэг. Тиймээс орон байрны хулгайн гэмт хэргээс сэргийлэхийн тулд гэрээ эзгүй орхиж байгаа бол хөрш айл болоод ойр дотно хүмүүстээ захиж анхааруулах нь зүйтэй.

Түүнчлэн иргэд цахим орчинд гэр бүлээрээ аялж, зугаалж буй тухай мэдээллээ түгээдэг. Энэхүү мэдээллийг гэрийнх нь хаяг байршлыг мэддэг шунахайн сэдэлтэй хүмүүс овжиноор ашиглаж, хулгай хийх магадлал өндөр байдаг.

Оны эхний зургаан сард 1400 орчим хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон харамсалтай мэдээлэл байна. Энэ жилийн хувьд хурдан морь унаж байгаад гэмтэж гэмтлээ даалгүй нас барсан 23 тохиолдол, өндрөөс унасан 10 тохиолдол, Туул гол орчимд живж нас барсан 11 тохиолдол бүртгэгдсэн.

Эцэг эхчүүд, харгалзан дэмжигчид болоод том хүмүүсийн болгоомжгүй байдлаас хүүхэд эрсдэж байгаа нь үнэхээр харамсалтай. Сүүлийн өдрүүдэд гол усны түвшин нэмэгдэж байгааг сэрэмжлүүлье.

Олон улсын хэмжээнд урин дулааны улиралд хүүхэд осол гэмтэлд өртөх хамгийн эрсдэлтэй тохиолдол нь гол, усанд живэх явдал гэдгийг тогтоосон. Тиймээс НЦУГ болон Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагуудаас өдөр тутамд 3500 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Туул голын эрэг дагуу морьт, завьт эргүүл хийхийн дээр олон нийтийн болон оюутан цагдаа нарын хүчийг ашиглан ажиллаж байна” гэсэн юм.

Түүнчлэн жил бүрийн наадмаар 150 орчим бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрдөг байна. Тиймээс хүүхдийг хамгаалах үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд болон хүмүүс олноороо цугладаг газруудад хүүхэд багачуудад эцэг эхийн утасны дугаар бүхий цаасан бугуйвч зүүлгэх юм.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …