Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэгийн хугацааг сунгах санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Монгол Улс, Европын Холбоо хооронд хэрэгжүүлж буй “Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэг”-ийг 2024 он хүртэл сунгах тухай Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан Европын Холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Аксель Никейз нар гарын үсэг зурлаа.

Санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Европын холбооны төлөөлөл оролцлоо.

Европын холбоо нь Монгол Улсын боловсрол, хөдөлмөр эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих, иргэний нийгмийг хөгжүүлэх, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр буцалтгүй тусламж олгож, нийгэм, эдийн засгийг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж ирсэн юм. Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлд зориулсан төсвийн дэмжлэгийн хугацааг 2024 он хүртэл сунгаснаар Монгол Улсын Засгийн газар Европын холбоотой харилцан тохирсон арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэх боломж бүрдэх юм. Хөтөлбөрийн хүрээнд олгох 43,0 сая евротой тэнцэх шууд төсвийн дэмжлэгээс одоогоор эхний хоёр санхүүжилт болох 22,2 сая еврогийн дэмжлэг хүлээн авсан байна.

Европын холбооны зүгээс цар тахлын эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг бууруулахад Монгол Улсын Засгийн газарт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …