“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна

Олон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр /2023.03.15/ тохиож байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-ыг 1985 онд баталж, жил бүрийн гуравдугаар сарын 15-ний өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр хэмээн зарласнаас хойш энэ өдрийг дэлхий нийтээрээ 38 дахь жилдээ тэмдэглэж байна.

Манай улсын хувьд энэ өдрийг 2008 оноос эхэлж тэмдэглэж эхэлсэн юм.

Олон Улсын хэрэглэгчийн байгууллагаас энэ жил Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг Цэвэр эрчим хүчний шилжилтээр дамжуулан хэрэглэгчдийг чадавхжуулах уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ өдрийг тохиолдуулан “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөгийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Монголын амины орон сууц, инноваци хөгжлийн төвтэй хамтран Эрх чөлөөний талбайд зохион байгуулав.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ц.Уртнасан  өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Жил бүрийн энэ өдрийг “Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллага” /CI/-аас зарласан уриан дор улс орнууд хэрэглэгчийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой бүлэг болон олон нийтэд чиглэсэн бүтээлч ажлуудыг зохион байгуулах замаар салбарын байгууллагуудтай хамтран тухайн сонгогдсон сэдвийн хүрээнд улс орон даяар тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жилийн тухайд “Цэвэр эрчим хүчний шилжилтээр дамжуулан хэрэглэгчдийг чадавхжуулах” гэсэн сэдэв зарлагдаж, энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал үйл явдал болж байна .

Өнөөдрийн арга хэмжээ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг сэргээгдэх буюу цэвэр эрчим хүчийг нутагшуулах, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, төлөвлөхөд нь зориулж, ногоон технологийн шийдлүүдийг танилцуулах, шинэ бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний зах зээлд өрсөлдөөний тэгш орчин нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийн зөв зохистой сонголт хийхэд чиглэсэн иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хүртээмжтэй, нээлттэй зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой юм” гээд өдөрлөгийг дэмжин идэвх санаачилгатай оролцож буй байгууллага, аж ахуй эрхлэгчдэд талархал илэрхийллээ.

Энэхүү өдөрлөгт сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч, туслан гүйцэтгэгч, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц хэрэгжүүлэгч, барилгын дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид зэрэг олон талын төлөөлөл оролцож хэрэглэгчдэд үйл ажиллагаагаа танилцуулж байна.

“Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч” нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд зориулж эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй технологи, дулаан хангамж, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдол, цэвэр эрчим хүчний талаарх мэдлэг мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран иргэдэд нээлттэй өгч байгаа юм.

Эрчим хүчний хэмнэлтэд иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн бүр хэрэглээгээ хуваарилж, оройн оргил ачааллын үед цэнэглэж, хэрэглэж дууссан цахилгаан хэрэгслээ тэжээлээс нь салгаж бүрэн унтраах, хүнгүй өрөөний гэрлийг унтраах, хийн зуух ашиглах гэх мэтээр бодитоор хэмнэлт хийж, эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломжтой.



Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …