Д.Сумъяабазар:Албан тушаалаас чөлөөлөгдөх шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч буй талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Автобусны худалдан авалттай холбоотойгоор иргэдийгээ бухимдуулсандаа уучлал хүсэж байна. Автобуснуудыг Сүхбаатарын талбайд ил тавьж, иргэддээ танилцуулж, шаардлага хангахгүй бол буцаах болно гэдэг байр суурьтай байснаа хэлье. Хууль хяналтын байгууллага шалгаж, хууль, дүрмийн хүрээнд шийдэх ёстой. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг шуурхай хангах учиртай. Зам засварын ажлуудыг дуусгах шаардлагатай. Мөн хотын хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтыг түргэсгэх бондын ажил, Сэлбэ гол дагуух зөвшөөрөлгүй барилга, байгууламжийг буулгах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан далангуудыг яаралтай байгуулах хэрэгтэй байна. Хотын ажил цаашид зогсолтгүй үргэлжлэх учиртай. Иймээс ч Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ярилцаж, хотын ажлыг эрчимтэй явуулах үүднээс ажлаа өгч, дараагийн Хотын даргыг томилохыг хүслээ.

Намайг дэмжиж, үргэлж хурцалж, шударга шүүмжилж ирсэн хүн бүрд талархал илэрхийлье. Хот гэдэг бол нэг хүний ажил биш. Надтай мөр зэрэгцэн ажилласан нийт төрийн албан хаагчдадаа, хотын иргэддээ талархаж байна. Өөрийн хүсэлтээр, ёс зүйн хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцорч байгаа тул уг шийдвэрийг минь бүү улс төржүүлээрэй. Албан тушаалаас чөлөөлөгдөх шийдвэрт маань улс төрийн нөлөө, дарамт шахалт огт байхгүй. Төрийн ажил, хотын ажил цаашид үргэлжлэх ёстой. Тиймээс ёс зүйгээ баримтлаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …