Цэвэр тохилог ногоон Ховдыг бүтээхэд оюутан залуусын оролцоо, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газраас их дээд сургуулийн оюутан залуус, Ерөнхий боловсролын сурагчдын дунд “Цэвэр, тохилог, ногоон Ховдыг хэрхэн бүтээх вэ” эссэ бичлэгийн уралдааныг 2013 оны 11 сарын 01-15-ны хооронд 3 үе шаттайгаар зохион явууллаа.
Эссэ бичлэгийн уралдаанд удирдамжинд тусгасан журмын дагуу III шатны шалгаруулалтанд оюутан ангилалд 17 бүтээл, сурагч ангилалд 10 бүтээл ирснээс шинэ санал санаачлага гаргасан, хэрэгжих боломжтой эсэх зэрэг үзүүлэлтээр шилдэг бичлэгүүдийг шалгаруулсан юм.
“Цэвэрхэн, тохилог, Ногоон Ховдыг хэрхэн бүтээх вэ” эссэ бичлэгийн уралдаанд оюутны ангилалд Ховд Их сургуулийн оюутан М. Гантулга тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, 300 мянган төгрөгөөр шагнагдлаа. II байрт Г.Уранчимэг, III байрт А.Эрдэнэчимэг, тусгай байрт П.Баяндалай, Н.Мөнхцэцэг нар тус тус шалгарсан байна.
Сурагчдын ангилалд Прогресс дунд сургуулийн 11Г ангийн сурагч М.Мөнхбаяр шалгарч өргөмжлөл, 200 мянган төгрөг, II байрт нэгдүгээр сургуулийн сурагч А.Номинзул, III байрт 7-р сургуулийн сурагч Т.Загдзүсэм шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал хүртлээ. Харин тусгай байрт 3-р сургуулийн сурагч Т.Отгонбадам, 1-р сургуулийн сурагч Ц.Нарангэрэл нарын эссэ шалгарсан байна. Эдгээр шагналт байр эзэлсэн хүүхдүүдийг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзан, шагналыг нь гардуулж өгөхдөө цэвэрхэн, тохилог, ногоон хоттой болоход өөрсдийн хүрээний найз нөхөд гэр бүлдээ нөлөөлж, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэхийг уриалсан юм. Ирсэн бүтээлд амьдарч байгаа хотоо цэвэр цэмцгэр, хоггүй, ногоон болгохын тулд төр засгийн, удирдлагуудын түвшинд, иргэд олон нийтийн хүрээнд, оюутан, залуус, хүүхдийн оролцоог хангах чиглэлээр олон шинэлэг санаа гарсан байна. Тухайлбал ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт энэ талаар тусгах, хүүхэд, зулзган мод 2-ыг багаас нь нөхөрлүүлэх, айл өрхөд мод хэрхэн тарих талаар мэдээлэл бүхий гарын авлага хүргэх зэргийн санааг гаргасан байна. Ирүүлсэн эссэн бичлэгт хоггүй хотод амьдрах нь мөрөөдөл болсон гэдгийг оюутан сурагчид онцолжээ.
Г.Одонтуяа