Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээтэй холбогдсон баталгааг хэрэглэх тухай хэлэлцээр, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай конвенц зэрэг олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн.
2009 онд УИХ-аас баталсан Цөмийн энергийн тухай хууль нь 8 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд нийт 15 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 8 бүлэг, 38 зүйлийн хэсэг, заалтад өөрчлөлт оруулж байжээ. Хууль хэрэгжих хугацаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, эрх зүйн харилцаанд гарсан томоохон өөрчлөлтүүдийг харгалзан холбогдох өөрчлөлтийг эдгээр хууль тогтоомжид оруулах зүй ёсны шаардлага үүссэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.