Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2024.11.05) хуралдаж, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн 2023 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлдээ, 2023 онд Эрүүл мэндийн даатгалд нийт 3240.0 даатгуулагч хамрагдсан нь хамрагдвал зохих иргэдийн 92.5 хувь байсныг дурдаж, тус сангийн тухайн жилийн төсвийн орлогыг 1564.0 их наяд төгрөгөөр төлөвлөснөөс 97.5 хувьтай биелснийг танилцууллаа. Үүний 43 хувийг төр хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт, 41 хувийг ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл, 16 хувийг даатгалыг нь төрөөс хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэлийн орлого эзэлсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 онд 1785.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд зориулан гэрээ бүхий 2349 байгууллагад олгожээ. Үүний 974.0 тэрбум төгрөгийг улсын эмнэлэгт, 359.0 тэрбум төгрөгийг анхан шатын эрүүл мэндийн байгууллагад, 249.0 тэрбум төгрөгийг хувийн эмнэлэгт, 99.0 тэрбум төгрөгийг эмийн санд олгосон бол 43.0 тэрбумыг урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээний зардалд, 39.0 тэрбум сувилалд, 11.0 тэрбумыг төр хариуцах эмийн зардалд зарцуулсан байна.
Засгийн газрын 2023 оны 241 дүгээр тогтоолоор төрийн албан хаагчийн цалинг 27-45 хувиар нэмэгдүүлсэн, мөн иргэнд үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийн тоо хэмжээ өмнөх онтой харьцуулахад 36.8 хувиар өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан сангийн зарлага батлагдсан төсвөөс 218.3 тэрбум төгрөгөөр хэтэрснийг сайд мэдээлэлдээ дурдаад, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих тусламж, үйлчилгээг өргөжүүлж, иргэдэд учрах санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор ЭМДҮЗ-ийн тогтоолоор 1500-аас доош хүн амтай, 23 сумын эрүүл мэндийн төвийн хүн амаас хамаарсан тэгш байдлын коэффициентыг хоёр дахин, амбулаториор үзүүлэх тусламж үйлчилгээ болон өдрийн эмчилгээний нэр төрлийг олшруулж, тарифыг 20 хувиар нэмэгдүүлснийг мэдээллээ.
Мөн жирэмсний хяналтын багцад өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэх, шүдний тусламж үйлчилгээ авах зэргийг багтааж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас үзүүлж байгаа тусламж үйлчилгээний тарифыг ялгаатай байдлаар шинэчлэн тогтоож, хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг гуравдагч шатлалын эмнэлгээс авсан тохиолдолд тухайн эмнэлгийн гүйцэтгэлээр авах санхүүжилтийн тариф буурахаар, түүнчлэн иргэн өөрийн хүсэлтээр хоёр дахь шатлалын эмнэлгээс авах боломжтой үйлчилгээг лавлагаа шатлалын эмнэлгээс авсан тохиолдолд хамтын төлбөрийг илүү өндөр төлөхөөр зохицуулж, энэхүү хамтын төлбөрийг өндөр өртөгтэй тусламж үйлчилгээнд хувиар тооцдог байсныг тогтмол мөнгөн дүнгээр төлөх хэлбэрт шилжүүлсэн байна. Өрхийн болон сумын Эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийг үнэлж байсан 14 шалгуур үзүүлэлтийг цөөрүүлж, мэдээллийн эх сурвалж, тооцох аргачлалыг нэг эх үүсвэртэй болгожээ.
Урьдчилан сэргийлэх багцын төлбөрийн хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан шинэчилж, тарифыг дунджаар 40 хувиар нэмэгдүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас шинээр буюу өмнө огт үзүүлж байгаагүй төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шинээр үзүүлэх тохиолдолд харгалзах шалгуур үзүүлэлтээр чадавхыг үнэлэхээс гадна мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтээр тухайн тусламж үйлчилгээг үзүүлэх эрхтэй болгох зохицуулалтыг бий болгосон байна. Эдгээр бодлогын арга хэмжээ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад иргэний халааснаас төлөх төлбөрийн хэмжээ буурахад ихээхэн ач холбогдолтой болсон гэж үзэж байгаагаа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан илэрхийлэв.
Тэрбээр үүнийхээ жишээ болгож хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 800 мянган төгрөг хүртэл тарифын тусламж үйлчилгээнд 50 мянган төгрөгийн тогтмол хамтын төлбөр тогтоож, тарифыг тогтмол дүнтэй болгосон болон элэг шилжүүлэн суулгах өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний төлбөрийн 113.6 сая төгрөгөөс иргэн 28.4 сая төгрөг төлдөг байсан бол шинэчилсэн тогтоолоор иргэний төлөх төлбөрийн хэмжээг 5.7 дахин бууруулж, 5.0 сая төгрөг болгосныг нэрлэсэн юм. Амбулаториор тусламж үйлчилгээ авсан иргэдийн тоо 2022 онтой харьцуулахад 40.3 хувиар, өдрийн эмчилгээнд хамрагдсан иргэд 57 хувиар тус тус нэмэгджээ.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээллийнхээ төгсгөлд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх саналыг танилцуулсан юм. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ ЭМД-ын сангийн төсвийг давхар нэмэгдүүлж байх, даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцдаг иргэд сангийн орлогын 27.4 хувийг бүрдүүлэх атлаа тусламж үйлчилгээний зардлын 77 хувийг зарцуулж байгааг үндэслэн тэдний улсын төсвөөс төлөх шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатайг дурдаж, Капитал банкнаас авах 136.1 тэрбум төгрөгийн авлагын 44 хувь буюу 59.9 тэрбум төгрөгийн авлагыг барагдуулж, 76.2 тэрбум төгрөгийн, Чингис Хаан банкнаас авах 30.5 тэрбум төгрөгийн авлагатай байгаа.
Эрүүл мэндийн даатгалын санд үүсээд байгаа өр авлага бол 2021 оноос буюу Ковид19 цар тахлаас шалтгаалан үүссэн бөгөөд буцааж санд төвлөрүүлэх байсан боловч энэ ажиллагаа гүйцэт хийгдээгүйгээс хуримтлагдсан гэсэн юм. Мөн Хавдрын эмнэлэг барих 12 га газрын зөвшөөрөл гарсан, зураг төслийг боловсруулах гүйцэтгэгч шалгараад байгаа гэдгийг мэдээлсэн юм.