Сингапурын Марина Бэй Сэндс театраас Азийн аялан тоглолтоо амжилттай эхлүүлээд буй “Монгол хаан” жүжиг ирэх онд Япон Улсад албан ёсоор тоглохоор болжээ.
“Монгол хаан” жүжгийн баг Японы соёлын тэргүүлэх компаниудын нэг Tremendous Entertainment Japan компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 10-р сарын 10-20-нд Токио хотод, 10-р сарын 24-26-нд Нагояа хотод жүжгээ тоглохоор болсон байна.
Олон улсын театрын урлагийн 50 гаруй мэргэжлийн шүүмжлэгчид, дэлхийн тэргүүлэх хэвлэлүүдээс 4-5 одын үнэлгээ авсан “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолтын Монгол талын продюсерээр Монгол Улсын Соёлын элч, жүжигчин, мисс А.Баярцэцэг, М.Есөнмөнх, Э.Санчирболд ажиллах бол Япон талын продюсерээр Tremendous Entertainment Japan компанийн ерөнхий захирал Масаюүки Сузуки, Токио хотын аялан тоглолтыг Sunrise Productions Tokyo, Нагояа хотын аялан тоглолтыг Chukyo TV хариуцан хамтран ажиллах аж.
“Монгол хаан” жүжиг 2023 онд Лондон хотын Колизум театрт 17 удаа тоглож, 42,000 гаруй үзэгчдэд тоглолтоо толилуулсан бол энэ онд жилд 45 сая хүн зочилдог Сингапурын Марина Бэй Сэндс театрт 22 удаа амжилттай тоглож, 30,000 гаруй үзэгчдэд хүргэсэн.
Монгол Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн түүхэн өдөр монгол жүжиг Японы зах зээлд гарах хамтын ажиллагааны гэрээг ийнхүү үзэглэжээ. Энэ нь театрын урлагийн зах зээлд олон улсаас хөрөнгө оруулалт татаж, зах зээлийн өрсөлдөх зарчмаар тоглодог жишиг болж буй явдал юм. Саяхан тус жүжгийн уран бүтээлчид Японд тоглох бэлтгэл ажлын хүрээнд сурталчилгааны зураг авалтуудаа Фүжи уул, Токио, Нагояа хотуудад хийж, түүнчлэн “Монгол хаан” комик номын япон хувилбарыг хэвлүүлж, Японы зах зээлд нэвтрэх ажил эхэлсэн байна.