П.Оюунчимэг: Шарил задланд орчихсон юм байна

 Малайз улсад учир битүүлгээр амь насаа алдсан талийгаач эмэгтэйн асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор П.Оюунчимэгтэй ярилцлаа.

Малайзад амиа алдсан эмэгтэйн асуудал дээр танай зүгээс ямар нэгэн шийдвэртэй алхам хийв үү?

Бид УИХ-ын зарим гишүүдтэй уулзаж амиа алдсан эмэгтэйн шарилд задлан хийгээгүй байгаа бол шарилыг бүтнээр нь авчрах боломж байна уу, үгүй юу гэдэг асуудлыг ярьсан. Мөн зардлыг нь Засгийн газрын хуралдаанд оруулах тухай асуудлыг ярьсан юм. Тэгээд өчигдөр ар гэрийнхэнтэй нь утсаар холбогдсон чинь шарил задланд орчихсон юм байна. Уг нь бид шарилыг бүтнээр нь авчраад эд эрхтний наймаа байж уу, үгүй юу гэдгийг тогтоох гэсэн боловч шарил задланд орсон учраас боломжгүй болчихоод байна. Үүн дээр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл бидний ажлыг нэлээдгүй дэмжиж ажиллаж байгаа.

Одоо шарилыг авчрахад юун дээр гацаад байгаа юм бэ?

Бид Малайзын комисстой байнга утсаар холбогдож байгаа. Мөн Хууль зүйн яам, УИХ-ынхантай энэ асуудлыг ярьж байна. Хөөцөлдөөд л яваад байна. Малайзын талтай утсаар яриад манай хүнд туслаач гэдэг зүлийг хэлэхэд  наад асуудлаа бичгээр ханд, бид шууд явуулах боломжгүй гэсэн. Бид цахим шуудангаар 2-3 удаа явуулсаар байтал дахиад бичиг хэрэгтэй байна гэсэн зүйлийг хэлээд байгаа. Одоо бас бичиг тамгалчихаад л байж байна.

Ер нь гадаадад байгаа иргэдийн эрхийн асуудал дээр Хүний эрхийн комиссоос хяналт тавьж чаддаг уу?

Тухайн улсад сууж байгаа элчин сайдын яам л иргэддээ хяналт тавьж байгаа. Түүнээс бид эндээс явж очоод хяналт тавих ямарч боломжгүй. Энэ нь төсөвтэй ч холбоотой. Бид жилд нэг удаа иргэдийнхээ асуудалтай танилцъя, хүний эрх, хууль эрхзүйн асуудлаар мэдээлэл өгье, тусламж дэмжлэг үзүүлье гэхэд ямар ч боломжгүй байгаа. УИХ-ынхан хууль эрхзүйн Атташейтай болох асуудлыг ярьж байгаа юм билээ. Тэр нь шийдэгдвэл хүндээ хүрсэн зүйл болох байх.

Ямар хүмүүсийн эрх хамгийн ихээр зөрчигддөг вэ?

Цагаачилж амьдарч байгаа хүмүүсийн эрх нэлээд зөрчигдөж байгаа. Цагаачилж байгаа хүмүүс хараар амьдарч байгаа гэдэг утгаараа амь нас, эрүүл мэнд, эмчилгээ, нөхөн төлбөрийн асуудал нь ихээхэн зөрчигддөг. Тухайлбал Солонгос улсад сурч байгаад осолд орсон нэг оюутны өргөдөл он дамжиж өнгөрсөн жил манайд ирсэн. Тэр оюутны сууж явсан автобус нь осолд ороод, нөхөн төлбөрийн асуудал үүссэн чинь Монгол учраас бага төлбөр оногдуулна, Англи, Америк оюутнуудад их төлбөр оногдуулна гээд ялгамжтай төлбөр орогдуулчихсан байсан. Түүнээс болж том асуудал үүсч, бид солонгосын хүний эрхийн комисс руу хандаж байсан. Мэдээж хууль шүүхийн практик дээр ийм асуудалд шууд хөндлөнгөөс оролцож болохгүй нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч иргэн нь үүрдийн тахир дутуу болчихоод байхад хөөцөлдөж явах нь зүйн хэрэг.

Эх сурвалж: aravt.mn

aravt

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …