Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рvv” санаачилгыг УИХ-д суудалтай нам, бүлгийн дарга нар болон УИХ-ын бусад гишүүд дэмжиж, Тунхаг бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар 2013 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Том төрөөс ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан. Дараа нь Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй энэ сарын 9-нд уулзаж, “Том төрөөс ухаалаг төр рvv” сэдвээр нээлттэй санал солилцсоны дагуу энэхүү Тунхагт гарын үсэг зурах санал дэвшүүлсэн” хэмээв.
Ухаалаг төрийг дэмжих Тунхагт “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2013 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр УИХ-д суудалтай намын бүлгийн гишүүд, бие даагч гишүүдтэй уулзаж, “Том төрөөс ухаалаг төр рvv” шилжих асуудлаар нээлттэй санал солилцсоныг тэмдэглэн:
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны арваннэгдүгээр сарын 16-нд дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих зорилтыг бүрэн дэмжиж,
- Дээрх зорилтын хүрээнд төрийн тогтолцоо, үйл ажиллагааг ардчилал зах зээлийн зарчимд нийцүүлэн боловсронгуй болгох, төрийн нэгдсэн бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, төрийн албаны зохион байгуулалт үйл ажиллагааг шинэчилж, төрийн албаны бүх шатанд хариуцлагын тогтолцоог бий болгох, төрийн үйлчилгээний чадавхийг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, төрийн зүгээс бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг халах, улс төрийг бизнесийн нөлөөллөөс ангид байлгах, авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэржилтийг дэмжих, өмчийн эрхийг баталгаажуулан хувийн хэвшлийг дэмжсэн эдийн засгийн өсөлтийг хангах, хуулийн засаглал бүхий оролцоог дэмжсэн төрийн бүтцийг бий болгох, судалгаанд суурилсан шийдвэр гаргаж төрийн үйлчилгээ үзүүлдэг болох, гэрээний сахилгыг дээдлэн мөрдөхийг хэвшүүлэх, шууд ардчилал болон орон нутгийн хөгжлийн санг дэмжих, үндэсний хөгжлийн урт хугацааны бодлогыг хуульчлан тодорхойлох, сонгуулийн хууль тогтоомжийг төгөлдөржүүлэх, мэдээллийн технологи нэвтрүүлэх зэрэг орчин үеийн өрсөлдөх чадвартай төрийн цогц шинэтгэл хийх талаар тууштай хамтран ажиллахаа илэрхийлж
- Үндэсний эв нэгдэл, зөвшилцөл, улс төрийн шинэ соёл хэвшүүлэхийг сайшааж энэхүү Тунхагт нэгдэж байна” хэмээн дурджээ.
Тунхагт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ дахь Иргэний зориг-ногоон намын дарга С.Оюун, УИХ дахь бие даагчдын зөвлөлийн дарга С.Ганбаатар болон УИХ-ын бусад гишүүд гарын үсэг зурлаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Ugluu.mn