NIRVANA – “Where Did You Sleep Last Night”
Тийм ээ.
Энэ бол Америкийн “Хулсан ташуур” маягийн эртний түүхтэй дуу.
Мань хүн /Курт Кобайн/ энэ дууг MTV –ийн Unplugged тоглолтдоо коверлож дуулсан дуу.
Дуулалт, тоглолт бол 100% гүйцэтгэлтэй дуулсан дуу.
Магад дахиж энэ дууг ингэж дуулах дуучин мөд төрөхгүй биз.
Түүний сүүлчийн мөр
— “I would shiver the whole night through” — гэж хашхирч, гитарынх нь чимээ тасардаг тэр мөч бол үнэхээр зүрх шимшрэм.
Курт Кобейны сүүлчийн үг захиас мэт санагддаг дуу.
Харамсалтай нь, 1994 оны 4-р сарын 5-нд Курт Кобейн явсан, явахдаа домог болоод явж одсон.
Тэр бол миний хувьд шаргал үстэй, тамхи зуусан сахиусан тэнгэр.
– Энэ бол бөмбөр хийгээд гитарын хослолыг морин хийлийн бүгтхэн хийгээд тасралтгүй гунигт хэмнэлээр хооронд нь шаглаж урласан уй гунигийн төгс бүтээл.
– Энэ бол сэтгэлийн бүх өвчин шаналал, ганцаардал, айдас хүйдэст хүлэгдсэн бие сүүлийн хүлээсний олс тасарч огцом тэсэрч буй эгшин.
– Энэ бол харуусал гунигт багалзуурдуулан унах мөч.
– Энэ эр хүний хашхираан.
– Энэ бол цээжин дотор тогтож өгөхгүй шаналгах хар бараан нүүгэлтэх тортгийг гаргаж чадахгүй шаналах зовлон. Гараа амандаа тохойгоо хүртэл хийж тэрхүү тортгийг авч хаяхыг хүсэвч хурууны өндөгт мэдрэгдэх ч баригдахгүй байх тэр зовлон.
– Энэ бол ханын цаас болоод шал таазны хагархай зураас бүхэн ямар нэгэн дүрсийг илэрхийлэх утга нэхэх мэт харах тоолонд харц булаан гөлрөн суух мэдрэмж.
– Энэ дуу хамаг биеийн босох шар үсээр минь чавхдас хийн тоглохыг мэдрэх өвдөлт.
– Энэ дуунд уусах мөчид чи ер бусын өгөгдөлтэй төрсөн энэ дууны нэгээхэн хэсэг гэж чихэнд чинь шивнэхийг сонсох мэдрэмж.
– Энэ дуунаас мэдрэх бүх мэдрэмж бол жинхэнэ яруу найраг.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл