Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам гарлаа
Зөвхөн Улаанбаатарт интернэт кафе, цахим тоглоомын газар 500 гаруй байдаг бөгөөд энд насанд хүрээгүй хүүхэд, залуучууд ихэвчлэн тоглож, аллага хүчирхийлэлтэй тоглоомыг хэсэг бүлгээрээ баг болж олон цагаар, хоногоор тоглож, архи тамхи хэрэглэж, садар самуун вэб хуудас үзэх зэрэг сөрөг үр дагавар гарч эцэг эхчүүд, багш нарын сэтгэлийг ихээр зовоох болсон. Энэ байдлыг зохицуулах “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгалаа.
Энэхүү журам нь цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхэлж байгаа болон шинээр эрхлэх иргэд, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл шаардлагыг тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдэж байна.
Журамд зааснаар интернэт кафе, цахим тоглоомын газар нэг дор ажиллахыг болиулж, орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглож байгаа юм. Мөн цахим тоглоомын үйлчилгээний газрууд нь ажлын байрны дотор болон гадна орчинд камерийн хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах, зуны улиралд 20, өвлийн улиралд 18 цаг хүртэл үйлчлэх, үйлчилгээний ажилтан нь мэдээлэл технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй, 20-иос дээш насны иргэн байх зэрэг зохицуулалт оржээ.
Энэ журмаар цахим тоглоомын газруудыг 12 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, бичиг баримт, эд зүйлс, барьцаалан үйлчлэх, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх зэргийг нь хориглолоо.
Шинэ жилээр төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр тансаглахгүй
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн үргүй зардлыг хэмнэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаас яам, Засгийн газрын агентлаг, бүх шатны Засаг дарга нар, төсөвт байгууллага, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудад шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах даалгаврыг гаргалаа.
Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авах болон өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, өндөр үнээр урлагийн тоглолт авахыг хориглолоо. Мөн хамтран ажилладаг байгууллагуудад төсвийн хөрөнгө, байгууллагын мөнгөөр шинэ жилийн мэндчилгээ хэвлүүлэн солилцох, бэлэг дурсгалын зүйл бэлэглэдэг явдлаас татгалзаж цахим хэлбэрээр мэндчилгээ явуулах нь зүйтэй гэж үзлээ.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын газруудад хамгаалалтын бүс тогтоолоо
Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дахь Шар цавын үлэг гүрвэлийн мөр бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг 408 га, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Сүйхэнтийн чулуужсан мод бүхий дурсгалт газрын хамгаалалтын бүсийг 892 га байхаар тус тус тогтоолоо.
Эдгээр бүсэд барилга байгууламж шинээр барих, хэт ойр зам тавих, чичиргээ доргио үүсгэсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулах, дурсгалд хохирол учруулахуйц бусад үйл ажиллагаа явуулахыг зогсоох, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсэд шон тэмдэг тавих, хашаа барих, иргэн хуулийн этгээдэд гэрээгээр хариуцуулж хамгаалах зэрэг арга хэмжээ авахыг Өмнөговь, Дорноговь аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Мөн хамгаалалтын бүсүүдэд аялал жуулчлалын баталгаат маршрут бий болгоход техникийн туслалцаа үзүүлэхийг Соёл, спорт, аялал жуучлалын сайд Ц.Оюунгэрэлд үүрэг болголоо.
Монголын багш нарын өдрийг дэлхийн өдөртэй нь хамт тэмдэглэнэ
2014-2015 оны хичээлийн жилээс Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 дугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд өөрчлөлт орууллаа.
Монголын багш нарын өдрийг 1967 оноос эхлэн жил бүрийн хоёрдугаар сарын эхний ням гаригт тэмдэглэж ирсэн бөгөөд энэ үе нь хичээлийн жилийн дундуур тохиодог учраас багш нарын ажлын үр дүнг тооцоход хангалтгүй, зарим жилд цагаан сарын баяртай давхцдаг. Тиймээс Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөр болох 10 дугаар сарын 5-нд тэмдэглэх саналыг Монголын багш нарын холбоо, Монголын ахмад багш нарын холбоо гаргасны дагуу нийт багш нарын дунд судалгаа явуулахад оролцогчдын 74 хувь нь дэмжжээ.
Монголын багш нарын өдрийг дэлхийн багш нарын өдөртэй хамтатган тэмдэглэснээр нийгэм, боловсролын салбар, улмаар хүний хөгжилд багш нарын гүйцэтгэх үүрэг болон тэдний нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын нөхцөл, цаашид мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж олгох, боловсролын чанар зэрэгт бүх нийтээр анхаарах ач холбогдолтой гэж Боловсрол, шинжэх ухааны яам үзжээ.
ЮНЕСКО-гоос дэлхийн багш нарын өдрийг 1996 оноос жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар зарласан багөөд 2012 оны энэ өдрийг “Багшийг дэмжье” уриан дор тэмдэглэжээ. Энэ баярыг дэлхийн 100 гаруй оронд 10 дугаар сарын 5-нд тэмдэглэдэг байна.
“Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр баталлаа
Үндэсний статистикийн хорооноос гаргасан хэтийн төлөвийг тодорхойлсон дүнгээс харахад ахмад настны тоо жил тутам нэмэгдэхээр байгаа юм. Хүн амын эрүүл насжилтийг дэмжин, настны эрүүл мэнд, халамж, хамгаалал, нийгмийн оролцоог сайжруулан ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас баталж, хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг жил бүрийн төсөв болон гадаадын зээл тусламж, төсөл хөтөлбөртэй уялдуулан санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт даалгалаа.
Хүн амын эрүүл насжилтыг дэмжих хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх, настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх, настны хөгжил, хамгаалал, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх, эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг настны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өргөжүүлнэ гэж хөтөлбөрт тусчээ.
Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журам баталлаа
Мэдээллийн ил тод байдлыг хангах нийтлэг журмыг баталлаа. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль болон энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, бүх шатны төсөвт байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.
Журмын төсөлд Засгийн газрын гишүүд, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Үндэсний дата төв болон Ерөнхий сайдын зөвлөхөөр ахлуулсан ажлын хэсгийн саналуудыг тусгажээ.
Үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв, санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал зэрэг төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаарх мэдээллийг тухайн байгууллагын мэдээллийн санд оруулж, шилэн дансны шийдлийг хэрэгжүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Товч мэдээ
– Худалдан авах ажиллагааны газраас 2014 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталлаа. Эдгээр төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэхийг тус газрын дарга Д.Энхжаргалд, холбогдох зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг хуулинд заасан хугацаанд тус газарт хүргүүлэхийг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад нийт 1,359,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 340 төсөл, арга хэмжээ багтжээ.
– “МИАТ” ХК-ийн санхүү, эдийн засгийн үр ашийг дээшлүүлэх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах, үндэсний боловсон хүчнийг дагалдуулан бэлтгэх зорилгоор тус компанийн гүйцэтгэх удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр олон улсын нэр хүнд бүхий, ашиг сонирхлын зөрчилгүй гадаадын агаарын тээвэрлэгч компанийн мэргэшсэн багаар гүйцэтгүүлэхийг Төрийн өмчийн хорооны дарга болон тус компанийн ТУЗ-д үүрэг болголоо.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн 11 дүгээр сарын 18-27-нд Мьяанмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Бүгд Найрамдах Сингапур улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт ажилласан. Айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгалаа.
-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга энэ сарын 3-10-нд АНУ-ын Вашингтон хотод ажилласан дүнгийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа. Энэ ажлын мөрөөр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Ч.Сайханбилэгт даалгалаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас бидэнд мэдээллээ.
Ugluu.mn