Байгалийг хүн биш “Улаанбуудай” сүйтгэсэн

Бид өнөөдөр байгаль хэрхэн сүйдэж байгааг харж, шаналж, хариултыг нь хайн биесээ чичлэн хашгичиж, өөрийгөө зүхэн нулимс унагаж хачин янзын инээдмийн эмгэнэлт драм тоглосоор л байна. Хүн төрөлхтний түүхийг уншжээ суухад “Байгальд хамгийн ээлтэй нийгэм бол шинийг бүтээдэг, өсөж хөгждөг өнөөгийн бидний “иргэншилт” нийгэм, эсвэл нано, био, хиймэл оюун ухааны технологи давамгайлсан ирээдүнй нийгэм ч биш, харин өнгөрсөн үеийн анчин түүвэрлэгчдийн үеийн эрх чөлөөт, өмчгүй, орон гэргүй дураар нүүдэллэгч нийгэм л жинхэнэ байгальд ээлтэй хоргүй байжээ” гэдэг бодол төрнө.“Хүн улаанбуудайг ургуулдаггүй. Улаанбуудай биднийг удирдаж, ажиллуулж, газарт уяж, үржлийнхээ боол болгосон” гэх антропологичдын хошин ч гэмээр онол байдаг. Үнэн ч биз. Тэд сархдын ширээний ард хүн улаанбуудайг тарьж эхэлсэн юм биш, харин улаанбуудай хүнээр өөрийгөө тариулж эхэлсэн гэж наргидаг гэнэ билээ. Харж суусан биш хэн мэдэх вэ.

Хүн анх хот суурин байгуулж эхэлсэн нь “Зөөлөн хөвсгөр буйдан дээр 80 инчийн телевизор үзэж хэвтэх” тохь тухыг бий болгох гэсэндээ биш, ноён улаанбуудайг өдөр шөнөгүй харж хамгаалах шаардлагаас үүссэнийг надаар хэлүүлэх юун. Улаанбуудай гуайг арчилж хамгаалахын тулд эхлээд худаг ухсан, тойруулж хашаа барьсан. Гэтэл хаанаас ч юм нэг эзэн гараад ирж байгаа юм. За тэгээд л татвар хураамж нэхээд эхэлнэ. Албатууд татвар төлсөн, тэд улаанбуудайгаа нөөцлөх агуулах босгосон, хэн нэгэн өөр “эзэн” тэдний эзний газрыг эзэмшсэн. Шинээр газар ухаж талбай гаргаж эхэлсэн тэгээд л газрын төлөө байлдаж эхэлсэн.

Ингээд эдийн засаг, улс төр, төрийн машин, арми, татвар, баялгийн төвлөрөл гэх бүх тогтолцоог улаанбуудай гуай өөрийн үржил тэлэлтэд тохирох байдлаар өөрийн боол болсон хүнээр хийлгэж эхэлжээ. Харин анчин түүвэрлэгчийн үед ийм асуудал байсангүй. Анчин, түүвэрлэгчид газар эзэмшдэггүй, илүүдэл хуримтлуулдаггүй удирдагч нь дарга биш, харин найз нөхдийн санал хүндлэлээр сонгогддог. Тэд хоорондоо зөрчилдлөө гэхэд салж сарниад л тараад явчихна. Ямар ч асуудалгүй. Хэн нэгэн Сайхнааг омгийн өөр нэг Сүүгийтэй булаацалдлаа гэвэл ганцхан сүхдээд л дуусаа.

Маркс энэ нийгмийг “анхны коммунизм” гэж нэрлэсэн. Би лав Маркстай үргэлж санал нийлдэг. Адилхан сахал самбайтай гэсэндээ биш л дээ. Ер нь хүний нийгэм дээр, доорын алагчлалгүй амар жимэр байх ёстой л гэж боддог. Экологичид тэр нийгмийг “байгальтай жинхэнэ зохицож амьдарсан хүний түүхийн хамгийн гэгээн үе” гэж дүгнэдэг. Анчин түүвэрлэгчийн нийгэмд хүмүүс байгальдаа ээлтэй амьдарсан нь сүйрлийг мэддэг, ойлгосон учраас биш л дээ. Тэдэнд эрх мэдэл, өмч, шуналын аль ч сэдэл төрөөгүй байсанд л учир нь оршино.

Хүмүүс тариалан эрхэлж суурин иргэншилд хүрсэн даруйдаа л өмч, баялаг, давхарга, төр, шүүх, дайн, экологийн сүйрэл гээд бүгдийг үүсгэжээ. Улаанбуудай хүний амьдралын логикийг өөрчилсөнд л учир нь байгаа биз. Ингээд бодохоор өнөөдрийн байгалийн доройтол ноён улаанбуудайн урт хугацааны стратеги байж л дээ. Бидий ХАА-н хувьсгал гэж нэрлээд байгаа тэр үеэс ноён улаанбуудайн хүссэн болгоныг биелүүлж газрын хилийг тогтоосон, хашаалсан, ухсан, эргүүлсэн, шавхсан тэр мөчид эх дэлхий сүйрлийнхээ зам руу оржээ.

Суурин иргэншил гэдэг хоёрдугаар шатны шалтгаан. Улаанбуудайн өмнө хоол тэжээл, сексийн хэрэглээ орж таарна. Гэхдээ байр нь солигдож ч болох байх.

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний …