Монгол Улсын гадаад харилцаа-2025 он

 Монгол Улс 2025 онд Төрийн тэргүүний түвшинд 17, УИХ-ын даргын түвшинд 5, Ерөнхий сайдын түвшинд 3, Гадаад харилцааны сайдын түвшинд 18 айлчлал, арга хэмжээ хэрэгжүүлжээ.

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Итали Улстай “стратегийн түншлэл”, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улстай “иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон байна.

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нарын эрхэм хүндтэй зочдыг эх орондоо хүлээн авчээ.

Түүнчлэн Дэлхийн Монголчуудын анхдугаар наадам, Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны Гадаад хэргийн сайд нарын X уулзалт, Улаанбаатарын яриа хэлэлцээг амжилттай зохион байгууллаа.

Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг 2025 оны долоодугаар сарын 4-нд баталснаар НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох Монгол Улсын зорилт биелж, гадаад харилцааны салбарт өмнөх он жилүүдэд олсон ололт, амжилтыг бататгаж, харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тэлсэн нэгэн он улирч байна.

***

2025.01.15-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийв. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болсон бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 21 жилийн дараа хэрэгжүүлсэн айлчлал юм.

2025.02.14-15

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Харбин хотноо ажлын айлчилж, “Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадмын хаалтын ёслолд оролцлоо. Энэ үеэр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг зурав.

2025.02.24-27

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тус айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлсэн албан ёсны айлчлал болов.

2025.03.09-12 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийлээ. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болсон тус айлчлал Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хийсэн айлчлал байв.

2025.03.13-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийв. Энэ нь Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Андже Дудегийн 2023 онд манай улсад хийсэн айлчлалын хариу айлчлал байв.

2025.03.18-23 

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийлээ. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлсэн албан ёсны айлчлал юм.

2025.04.26-30

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжсэн тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.

2025.05.09

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины урилгаар Москва хотноо Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцов.

2025.05.25-28

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Монгол Улсад төрийн айлчлал хийв. Энэхүү айлчлал Бүгд Найрамдах Австри Улсын төрийн тэргүүний манай улсад хийсэн анхны айлчлал байв.

2025.06.1-2

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төрийн айлчлал хийлээ. Энэ нь 1992 онд Монгол, Туркменистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжсэн анхны төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал байв.

2025. 06.24-25

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийв. Тус айлчлал нь 1992 онд Монгол, Узбекистаны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжсэн анхны төрийн айлчлал бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2024 онд Узбекистан Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

2025.07.6-13

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийлээ. Тус айлчлал нь Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарын манай улсад хийсэн анхны төрийн айлчлал юм.

2025.07.20-23

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийв. Энэ удаагийн төрийн айлчлалын үеэр хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон бөгөөд ингэснээр Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болов.

2025.07.23-26 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд хэрэгжсэн анхны төрийн айлчлал болов.

2025.07.29-31 

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болсон Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцов.

2025.08.20-22

Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу ФЕАЛАК-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дугаар уулзалт Улаанбаатар хотноо боллоо. ФЕАЛАК үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд тус форумын гишүүн 33 улс, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Латин Америк, Карибын эдийн засаг, нийгмийн комисс болон тус форумын Цахим нарийн бичгийн даргын газрын нийт 120 гаруй төлөөлөгч оролцлоо.

2025.08.25-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Гадаад харилцааны сайдын санаачилгаар “Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт” Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Чуулга уулзалтад 230 орчим төлөөлөгч хүрэлцэн ирж оролцсоны дотор бизнес эрхлэгчид, жендэрийн тэгш байдал, олон улсын худалдааны чиглэлээр мэргэшсэн судлаачдаас гадна зарим орны парламент, Засгийн газрын гишүүд, олон улсын байгууллагын төлөөллүүд багтлаа.

2025.08.31-09.3 

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Шинэ Зеландын Парламентын даргын түвшинд Монгол Улсад анх удаа хэрэгжүүлсэн энэхүү айлчлал нь хоёр улсын харилцааны цар хүрээг өргөжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн юм.

2025.08.31-09.3

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын Тяньжин хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож үг хэлэв. Түүнчлэн Бээжин хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийж, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улсын төрийн тэргүүн тэргүүний VII уулзалтад оролцлоо.

2025.09.04-07

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд 22 жилийн дараа хэрэгжиж байгаагаараа онцлог байв.

2025.09.4-5

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн Х чуулга уулзалтад оролцож, өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ.

2025.09.4-9 

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин Монгол Улсад төрийн айлчлал хийв. Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болсон төрийн энэ айлчлал хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээж, хамтын ажиллагааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэх тохиролцоог баталгаажууллаа.

2025.09.22-23 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болсон НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан өндөр түвшний хуралдаан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төрийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийв.

2025.10.13-16 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төрийн айлчлал хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэн, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал түлхэц үзүүллээ.

2025.11.17-18 

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар ОХУ-ын Москва хотод болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлэв. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзлаа.

 

Үргэлжлүүлэн ЭНД дарж уншина уу…

Санал болгох мэдээ

Ж.Батзандан: Уул уурхайн баялагийн тодорхой хувийг төр, ард түмний мэдэлд авах асуудал яригдах бүрд Засгийн газрыг огцруулах асуудал гарч ирдэг

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Засгийн Газрын бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ Ж.Батзандан хэвлэлд хандаж мэдээлэл өгөв. Тэрбээр …