Z үеийн малчин

Намайг Мөнхболд овогтой Дашням гэдэг. Энэ жил 26 настай. Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин. Хүмүүсийн ярьдгаар, Z үеийн малчин. Би энэ л нутагтаа төрж, энэ л нутагтаа жаргалтай амьдрах хүн шиг байгаа юм. Есдүгээр ангиа төгсөөд, хэвлэлийн дизайнер болох санаатай 2 сар хотод сурав аа. Хөдөөгөө буцмаар санагдаад сэтгэл тогтох юм биш. Нэг өдөр хамаатны ах маань “Танай тийш явлаа” гэж утсаар ярихаар нь машинд нь суугаад, тэр чигтээ нутагтаа хүрээд ирсэн. Аав, ээждээ “Хөдөө гарлаа л” гэсэн. Хэсэг мал дээр байж байгаад, 2018 оны намар цэргийн албанд мордож, … дугаар ангид алба хаасан.

2021 онд гэргийтэйгээ танилцлаа. Одоо охин, хүү хоёртой өнөр айл болоод, сайхан л амьдарч байна. Мал малын захтай. 2023 онд сумын аварга малчин боллоо. Монгол өв соёлоосоо суралцаж, сурснаа дүү нартаа зааж өгөх дуртай. Хазаар, ташуур, чөдөр, бугуйл зэрэг адууны тоноглолыг хийж сурна гэдэг чинь том эрдэм. Би бас “Далт баян” нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагч. Цагаан зээр, тарвага, үнэг, хярс, шувуу, ургамлын мониторинг хийж явуулдаг. Байгаль хамгаалах үйлсэд нутгийнхаа зон олонтой хамтран ажиллаж байна.

Малчин, байгаль хамгаалагч хоёр бол нэг нь нөгөөгөө нөхсөн ажил гэхэд болно. Наанадаж нүүдэл хийх, нутаг сэлгэх чинь малдаа тарга хүч тогтоохоос гадна бэлчээрээ хайрлах монгол малчны уламжлалт ухаан шүү дээ. Сүүлийн үед хөдөөд мал дээр гарах залуус нүдний гэм боллоо гэцгээх болсон байна. Хүүхдүүд нь сургуульд орохоор аймаг, суманд дагаж очин гэрээрээ суугаад байгаатай холбоотой л доо. Би бол хүүхдүүдээ сумынхаа сургуульд сургана л гэсэн бодолтой яваа.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав

Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд …